Боловсролын салбарын Шинэ сэргэлтийн хүрээнд багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь хариуцах, мөн дотооддоо магистраар суралцах бол төлбөрийг нь бүрэн даахаар болсон. Тэгвэл иргэдийн зүгээс сургалтын төлбөрт анхаарах бус багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх нь зөв шийдэл гэж үзэж байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар 31 мянга орчим багш мэргэжилтэн ажиллаж байна. Мөн цаашид энэ хэмжээний багш мэргэжилтэн шаардлагатай байгаа юм. Багшлах боловсон хүчнийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын салбарт шинэчлэл хийж Боловсролын хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ тэргүүлэх болон эрэлттэй мэргэжил сонгон суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс зуун хувь хариуцахаар болсон. Харин энэхүү шийдвэрийг зарим иргэдийн төлөөлөл үгүйсгэж байгаа юм.
Тэгвэл багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд сургалтын төлбөрийг хөнгөлөх нь зөв, харин шалгуурыг өндөр тогтоох хэрэгтэй гэдгийг онцолж байна.
Энэ онд Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин 26-46 хувиар нэмэгдсэн. Мөн одоогийн байдлаар багш нарын доод цалин 960-1,270 мянган төгрөг байна. Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.
Боловсролын Шинэ сэргэлтийн хүрээнд багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, чадварлаг багш бэлтгэгдэнэ гэж шийдвэр гаргагчид үзэж байгаа юм.