Их Британийн Гадаад Хэргийн сайд Жеймс Клеверли лхагва гарагт БНХАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очжээ. Тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд тус улсад айлчилсан Их Британийн анхны төрийн өндөр дээд албан тушаалтан болж байна.
Их Британийн Гадаад Хэргийн сайд Ж.Клеверли БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Гадаад хэргийн асуудал эрхэлсэн комиссын дарга Ван И-гийн урилгын дагуу айлчлал хийж байгаа гэж хэвлэлүүд бичжээ. Их Британи, Хятад хоёр улс харилцан хүндэтгэх үзэл санааг баримталж, тогтвортой харилцаагаа хөгжүүлж цаашид шинэ түвшинд хүргэнэ гэдэгт Бээжингийн тал итгэлтэй байгаагаа Ж.Клеверлигийн айлчлалын өмнө мэдэгджээ. Европын томоохон орнуудын төр засгийн тэргүүнүүд дундаас Германы Канцлер Олаф Шольц өнгөрсөн оны 11-р сард, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ оны 4-р сард тус тус БНХАУ-д төрийн айлчлал хийгээд байгаа юм.
Тэгвэл Их Британи улс нь хүний эрхийн нөхцөл байдал, хөдөлмөрийн мөлжлөг болон бусад асуудлаар Хятадын эсрэг хатуу байр суурь баримталсаар байгаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Ази Номхон далай болон Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн ноёрхол, бүс нутагт явуулж байгаа цэрэг армийн бэлтгэл сургуулилалт, үүнтэй холбоотой үйл ажиллагаа болон хүний эрхийн талаарх бодлогоо өөрчлөхийг Хятадын эрх баригчдаас шаардах болно гэж Их Британийн Гадаад Хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Хятадын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаа тул ОУ-ын хамтын нийгэмлэгийн төлөөлж Их Британийн Гадаад Хэргийн сайд Ж.Клеверли Бээжингийн удирдлагуудтай яриа хэлэлцээ өрнүүлэх төлөвтэй байна.
Үүнээс гадна Их Британийн Гадаад Хэргийн сайд БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд, төрийн зөвлөлийн гишүүдтэй Украины дайны асуудлаар хэлэлцэж, дайныг дуусгавар болгоход хувь нэмрээ оруулахыг Хятадын талд уриална гэж эх сурвалжууд мөн хэвлэлд мэдээлжээ.