Мягмар гарагт ОХУ-ын баруун хэсэгт орших Псков хотын нисэх онгоцны буудал руу дроноор халдлага үйлдсэний улмаас 4 нисэх онгоц эвдэрч, гэмтсэн гэж холбогдох албанаас мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны агаарын довтолгооноос хамгаалах анги нэгтгэл хэд хэдэн удаагийн дроны халдлагыг амжилттай няцаасан ч дроны сэг зэм нисэх онгоцны дээр унасан гэж Псков хотын амбан захирагч Михаил Ведерников хэвлэлд мэдээлсэн байна.
ОХУ-ын Төрийн мэдлийн “Тасс” агентлагийн мэдээлснээр Украины зэвсэгт хүчнийг дроны халдлагыг үйлдсэн гэж буруутгасан бол Киевийн талаас одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Түүнчлэн Псков хотын онцгой байдлын албанаас мэдээлснээр цэргийн нисэх онгоцны буудалд дөрвөн ИЛ-76 загварын ачаа тээврийн онгоц дроны халдлагын улмаас эвдэрч гэмтсэний дараагаар гал гарч гэмтэл авсан онгоцны хоёр нь шатсан гэжээ. Халдлагын улмаас хүний амь эрсдээгүй гэдгийг холбогдох албанаас мэдээлжээ.
Псков хот нь Украины хилээс ойролцоогоор 800 км зайд бөгөөд ойр орчмын бүс нутаг нь ЕХ-ны гишүүн Латви, Эстони улсуудын хилд ойрхон оршдог байна. Үүнээс гадна өнгөрөгч 5-р сард Украины Зэвсэгт хүчин тус хотын эрчим хүч, Батлан хамгаалах салбарын дэд бүтцүүд рүү дроноор халдлага үйлдэж байсан юм. Дроны халдлагатай холбогдуулан Москвагийн Внуково нисэх онгоцны буудлын орчмын агаарын орон зайг хааж, иргэний болон ачаа тээврийн онгоцны зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон гэж холбогдох албанаас мэдэгджээ.
Украины эрх баригчид сөрөг давшилтаа эхлүүлж, газар нутгаа түрэмгийлэгчдээс чөлөөлөх амлалтыг өгснийхөө дараа ОХУ-ын томоохон хотууд руу дроны халдлагыг олноор үйлдэх болсон юм.
Түүнчлэн Украины арми дайны фронтын гол бүс нутаг болох Запорожье мужийн томоохон сууриныг амжилттай чөлөөлснөө даваа гарагт мэдэгджээ. Украины армийн хяналтдаа авсан суурин газар нь Крымын хойгт хүрэх хуурай замыг хамгаалж байгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний гол шугамыг хоёр хэсэгт хуваах зорилготой газар нутаг гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна.