Манай улсын инфляцын түвшин, иргэдийн дундаж цалин зэрэг эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан ч жил бүр нэмэгддэг Их, дээд сургуулийн сургалтын төлбөр иргэдэд хүндрэл үүсгэсэн хэвээр байна. Гэсэн хэдий ч сургалтын чанарыг сайжруулахын тулд төлбөрийг нэмэх шаардлагатай гэдгийг Их, дээд сургуулиудын төлөөллүүд хэлсэн байна.
УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд Их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс тогтоохгүй, тухайн Их, дээд сургууль хараат бусаар зохих журмын дагуу тогтоодог байхаар заасан. Тэгвэл энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулиуд нэг кредит цагийн сургалтын төлбөрөө 10-20 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь оюутнуудад төлбөрийн дарамт үүсгэж байгаа ч энэ хэрээр чанартай, хүртээмжтэй боловсрол олгох хэрэгтэй гэдгийг хэлж байна. Мөн сургалтын төлбөрийг нэмэхдээ оюутнуудад заавал урьдчилан мэдэгдэх хэрэгтэй гэдгийг оюутнууд илэрхийлж байна.
Монгол Улсын Их сургуулийн хувьд 2018 оноос хойш төлбөрөө нэмээгүй. Харин энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө 20 хувиар нэмсэн байна. Учир нь тус сургуулийн төсөв алдагдалд орсон, ашиглалтын зардал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж ийнхүү сургалтын төлбөрийг нэмжээ. Үүнээс гадна тус сургуулийн сургалтын төлбөр нь хувийн цэцэрлэгийн төлбөрөөс 2 дахин бага байна. Тиймээс цаашид инфляцын түвшинтэй уялдуулан Монгол Улсын Их сургуулийн сургалтын төлбөрийг тодорхой хувиар нэмэгдүүлэх юм байна.
Их дээд сургуульд сурч буй оюутнуудын сургалтын нийт төлбөрийн ихэнх хувийг тухайн сургуульд ажиллаж буй багшийн цалинд зарцуулдаг мөн хичээл практикийн зардал, хөрөнгө оруулалт зэрэгт зарцуулдаг юм. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нь оюутнуудад дарамт учруулж байгаа ч нөгөө талаас их, дээд сургуулиуд нь ашиглалтын зардал, багшийн цалин, сургалтын чанар зэрэгт анхаарч чадахгүй төсвийн алдагдалтай ажилласаар байна.