Нийслэлд төрийн санхүүжилтээр хүүхдэд зориулсан хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг төлбөргүй явуулдаг нэг л байгууллага байгаа нь Монголын Хүүхдийн урлан бүтээх төв юм. Тус төв дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр 15 төрлийн 19 дугуйланд шинэ хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлээ зарлажээ.
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн 2023-2024 оны хичээлийн жилийн бүртгэл 9-р сарын 4-өөс 8-ныг хүртэл явагдахаар тов гарчээ. Уран зураг, гар урлал, сүрлэн сүлжмэл зэрэг нийт 19 дугуйланд 2-12-р ангийн сурагчдыг сургадаг байна. Сүүлийн жилүүдэд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг хичээлээс гадуурх сургалтад хамруулах сонирхол нь ихэссэн. Гэсэн ч хувийн сургалтын төлбөр өндөр, хотын захын хороолол руу хүртээмж муу байдгаас төдийлөн сургалтад хамруулах боломж хомс байдаг байна. Харин Нийслэлийн хэмжээнд төрийн санхүүжилтээр сургалт явуулдаг Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нэг хичээлийн жилд 2000 гаруй хүүхэд сургах хүчин чадалтай. Энэ нь Нийслэлийн хэмжээнд 63 мянга 400 гаруй хүүхэд ерөнхий боловсрол эзэмшихээр суралцаж байгаагийн 3,1 хувийг хамарч байна.
Хэдийгээр хүүхэд бүр уран бүтээлч болохгүй ч соёл, урлагийн дугуйланд хамрагдах нь зүүн тархийг хөгжүүлдэг. Мөн анхаарал төвлөрөх, нийгэмших зэрэг эерэг нөлөөллийг бий болгодог байна.
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн 35 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Хүүхдийн урлан бүтээх төвд 70 мянга гаруй хүүхэд суралцаж, дийлэнх хувь нь мэргэжлийн уран бүтээлч болжээ. Тэдгээр уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг шинэ хичээлийн жилд гаргахаар төлөвлөсөн байна.