Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд зааснаар цахилгаан мопед болон скүүтерээр зорчиж байгаа тохиолдолд унадаг дугуйн зам эсвэл явган хүний замын хэсэгт бусдад аюул саадгүйгээр зорчино гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог юм байна. Гэсэн хэдий ч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлалгүй явган хүн бэртээх, автомашинтай мөргөлдөх зэрэг олон эрсдэлийг дагуулж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар унадаг дугуйтай холбоотой 24 осол аваар бүртгэгджээ. Үүнээс зургаан тохиолдол нь цахилгаан скүүтер, долоо нь цахилгаан дугуйнд дайруулсан осол байна. Сүүлийн үед ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох нь ихэссэн. Цахилгаан дугуй, мопед зэргийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед 10 км/цагаас дээш хурдтай явахыг хориглодог. Мөн тээврийн хэрэгслийг жолоодоход жолооны “А” ангиллын үнэмлэхтэй байх, насанд хүрсэн байх гэх заалтуудыг замын хөдөлгөөний дүрэмд заажээ.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан дугуй унаж явсан иргэн явган зорчигчийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан тухай хохирогч иргэн цахим хуудаснаа бичсэн байна. Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд дулааны улиралд өдөрт 12-20 мянган хүн зочилдог. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус байгууллагын дүрэмд цахилгаан дугуйтай зорчихыг хориглодог ч энэхүү заалтыг иргэд төдийлөн мөрддөггүй байна. Энэ мэт олон осол аваар гардаг нь нийслэлд стандартын шаардлага хангасан дугуйн замын хүрэлцээ муу байдаг учраас осол аваар эрсдэл өндөр байдаг талаар иргэд ярьж байна.
Цахилгаан дугуй буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.