Е.Пригожины зорчиж явсан онгоцыг санаатайгаар дэлбэлсэн байж болзошгүй гэж Кремлээс мэдэгджээ

ОХУ-ын хөлсний цэргийн “Вагнер” группийн удирдагч Евгений Пригожины зорчиж явсан онгоцыг санаатайгаар дэлбэлсэн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гарагт хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хөлсний гэрээт цэргийн удирдагч Евгений Пригожины зорчиж явсан онгоцыг санаатайгаар дэлбэлж, түүний амийг хөнөөсөн байж болзошгүйг ОХУ-ын эрх баригчид анх удаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг лхагва гарагт хийлээ. Сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос мөрдөн байцаалтын явцын талаар асуухад "Мөрдөгчид олон янзын хувилбаруудыг авч хэлэлцэж байгаа нь ойлгомжтой байна. Бидний юу гэх гээд байгааг та нар ойлгож байгаа биз дээ. Санаатай харгислал гэж ойлгож болохоор байна” хэмээн хэлсэн байна. Түүнчлэн Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас ослын талаар мөрдөн байцаалт явуулах эсэхийг лавлахад Дмитрий Песков “Нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн хэдий ч мөрдөн байцаагчид хэргийн талаар албан ёсны эцсийн дүгнэлтээ хараахан гаргаагүй байгаа. Ямартай ч дотоодын мөрдөн байцаагчдын эцсийн дүгнэлтийг хүлээцгээе” гэж хариулжээ.

Евгений Пригожин Москвагаас Санкт-Петербург руу өөрийн хувийн "Эмбраер" хэмээх онгоцоор 8-р сарын 23-ны өдөр зорчих үедээ осолдож амиа алдсан юм. Тус онгоцонд Вагнерын хоёр удирдах албан тушаалтан, Пригожины дөрвөн бие хамгаалагч, гурван хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийн гишүүд зорчиж явсан төдийгүй 10 хүн бүгд амь үрэгджээ. Ослын шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа ч хэргийн газрын ойролцоох тосгоны оршин суугчид хүчтэй дэлбэрэлт сонссон бөгөөд дараагаар нь нисэх онгоц газар унаж байхыг харснаа Ройтерс агентлагт ярьжээ.

Осол болсны маргааш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Е.Пригожинтэй 1990-ээд оны эхэн үеийн хүнд хэцүү жилүүдээс хойш маш удаан хугацаанд танил болсон гэж мэдэгджээ. Мөн В.Путин түүнийг авьяаслаг бизнесмен гэж тодорхойлохын зэрэгцээ "Түүнийг хүнд хэцүү хувь тавилантай хүн байсан төдийгүй амьдралдаа ноцтой алдаа гаргасан" гэдгийг хэлсэн юм.