БНХАУ-ын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсныг шинжээчид онцолжээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай, залуучуудын ажилгүйдлийн түвшин дээд хэмжээнд хүрсэн, гадаадын хөрөнгө оруулалт багассан, экспортын өсөлт саарсан, валют ханш нь суларсан, үл хөдлөх хөрөнгийн салбар нь хямралд орсон зэрэг нь дэлхий нийтэд ил болоод байгаа юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох хятад улсыг "Цагтай тэсрэг бөмбөг" гэж тодорхойлоод байгаа юм.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу цохилт өгч, эдийн засаг нь аливаа сорилтыг хүчтэй тэсвэрлэж, асар их боломжуудыг бий болгож, удаан ч гэсэн тогтвортой өсөлтийг харуулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл хөндлөнгийн шинжээчид Хятад улсын эдийн засаг ойрын үед сүйрэхгүй ч олон хүнд хэцүү, гүн гүнзгий сорилтуудтай тулгараад байгаа гэж үзэж байна.

Хятадын эдийн засгийн салбарын гол асуудал нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл юм. Саяхныг хүртэл үл хөдлөх хөрөнгө нь Хятад улсын нийт баялгийн гуравны нэгийг бүрдүүлдэг байсан.

Гэвч 2020 онд хямрал нүүрлэсэн. Дэлхий дахинд тахал өвчин гарч, хүн амын тоо буурч байгаа нь үл хөдлөх салбарын хувьд томоохон уналт болсон юм. Тэр дундаа Хятад улсын үл хөдлөх салбарын зах зээл хямралын хэмжээнд хүрсэн байна. Одоо орон сууцны эрэлт буурч, үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан. Энэ нь гурван жилийн турш хатуу хязгаарлалтын дэглэмийг даван гарсан Хятадын барилгын салбарын олон бизнес эрхлэгчдийг дампууруулсан байна. Зарим эдийн засагчид энэ хүнд үеийг даван туулахын тулд хэдэн жил шаардагдана гэж үзэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад улс зам, гүүр, галт тэрэгний шугамаас эхлээд үйлдвэр, нисэх онгоцны буудал, байшин барилга зэргийг бүтээн байгуулсан. Үндсэндээ Хятад улс барилга барихад бүхий л анхаарлаа хандуулсан. Харамсалтай нь уг алдаатай загвар нь цар тахлын нөлөөгөөр үр дүнд хүрээгүй, оршин суугчид нүүдэл суудал хийхээс эмээж, мөнгөө үл хөдлөх салбарт оруулах, шинэ орон сууц авахаа хойшлуулсан. Харин Хятадын бодлого тодорхойлогчид одоо улс орон ард түмнийхээ хөгжил цэцэглэлтийг бий болгох өөр арга замыг хайх хэрэгтэй байгаа гэж шинжээчид үзэж байна.

Нөгөөтээгүүр Хятад эдийн засгаа идэвхжүүлж, АНУ эсвэл Европтой өрсөлдөхийг хүсэж байвал Засгийн газар хатуу хяналтаа, зохицуулалтаа сулруулах, өндөр хэмжээний эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд шилжүүлэх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Харин бодит байдал дээр Хятадын Засгийн газар санхүүгийн салбар дахь хяналтаа чангатгаж, "Баруунжсан" банкируудыг үзэл суртлынх нь төлөө шийтгэж, Алибаба зэрэг томоохон технологийн фирмүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авчээ. Үүний хор уршиг нь залуучуудын ажилгүйдлийн түвшин өссөн явдал юм. Хятад даяар олон сая дээд боловсролтой төгсөгчид ажил олох гэж тэмцэж байна нөгөө талд үйлдвэрт ажиллах цагийн ажилтан олдохгүй байгаа нь томоохон асуудал болоод байгаа юм байна.

Үүнээс гадна шинэ төрөлтийн түвшин буурсан, бизнесийн салбар дахь Төр засгийн хараа хяналт чангарсны улмаас гадаадын хөрөнгө оруулагчид хятадыг бус энэтхэгийг дараагийн хөгжлийн төв гэж үзэх болжээ.