А.Анх-Эрдэнэ: Анх удаа хичээл хийж, шинэ найзуудтай болох нь гоё байна

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 75,100 хүүхэд нэгдүгээр ангид элсэж, сургуулийн босгыг  анхлан алхлаа. 6 настнуудын төлөөлөл болох А.Анх-Эрдэнэ хүүгийн хичээлийн анхны өдрийг онцолж байна. 

Алтан-Эрдэнийн Анх-Эрдэнэ энэ жил 6 настай, нэгдүгээр ангид элсэн суралцах гэж байна. Эрдэм сурч, олон найз нөхөдтэй болохоор догдлон догдлон унтсан хүү өглөө эртлэн босож бэлтгэл ажлаа базааснаар ээждээ үнсүүлэн аавыгаа хөтлөөд сургуулийн зүг алхсан юм.

А.Анх-Эрдэнэ хүү Нийслэлийн Ерөнхий Боловсролын 155-р сургуульд элсэн орж байна. Түүнийг гардан авч, а үсэг заах багш нь ч анхныхаа ангийг дааж авч байгаа нь багш, шавь хамтдаа хөгжих эхлэл болж байна гэсэн юм.

6 настнууд Ерөнхий Боловсролын сургуульд элсэн орсон эхний нэг сардаа ангийнхан болон багш, сургуультайгаа танилцах үйл явц өрнөдөг байна. Харин эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ санаа тавьж, сургуулийн гадаа хүлээн зогсдогийн адилаар А.Анх-Эрдэнийн аав ч мөн догдлон зогсож байлаа.

А.Анх-Эрдэнэ багаасаа л олон төрлийн авьяастай нийтэч хүүхэд байжээ. Бөхөөр хичээллэх сонирхолтой тэрээр энэ жилийн улсын баяр наадмын нээлтэд найзуудынхаа хамтаар оролцсон байна. Том болоод зураач, мөн цагдаа болох мөрөөдөлтэй хүү ийнхүү эрдмийн их далайд алхан орлоо.