Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог 116-р сургуульд өнөөдрийн байдлаар 140 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэхүү сургууль нь улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганц сургууль юм. Тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаа болон багш сурагчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд явж эхэлснээр нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох боломж бүрддэг байна. Тэд боловсролын хөтөлбөрийн дагуух хөтөлбөрөөс гадна орон зай баримжаа, хөдөлгөөн орон зай эмчилгээний биеийн тамир зэрэг хичээл давхар ордог байна.
Тус сургуулийн үйл ажиллагаа тогтвортой жигд явагдаж байгаа хэдий ч зайлшгүй тулгарч байгаа асуудал нь дотуур байрын асуудал юм. Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганц сургууль учраас хөдөө орон нутгийн хүүхдүүд байрлан суралцах зайлшгүй шаардлага үүсдэг. Мөн сургуулийн удирдлагын зүгээс Нийслэл хотын алслагдсан дүүргүүдийн сурагчдыг дотуур байранд хамруулах хүсэлтэй байдаг. Гэвч дотуур байрны хүчин чадлаас хамаараад сурагч бүрийг дотуур байранд амьдруулах боломжгүй юм байна.
Энэ жил сурагчид олон ном унших, найзуудтайгаа тоглох, үсгээ сайн сурах зэрэг зорилтуудыг тавьсан байна. Мөн тэдний сургалтын орчин нөхцөлийг сайжруулах нь сургуулийн удирдлагын зорилго гэсэн юм.