Барилгын материалын үнэ цар тахлын үетэй харьцуулахад буурсан ч орон сууцны үнэ буураагүй

Цар тахлын үед тээвэр логистикийн асуудлаас шалтгаалж барилгын материалын үнэ өссөн. Тэгвэл цар тахлын дараагаас тээвэр логистик болон бусад хүчин зүйлс хэвийн болж эхэлсэн нь 80 хувь хүртлээ өсөөд байсан барилгын материалын үнэ 20 хувиар эргэн буурсан байна. Барилгын материалын үнэ буурсан хэдий ч үүнийг дагаж барилга, орон сууцны үнэ шууд дагаж буураагүй байна.

Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7-8 хувиар өсжээ. Тодруулбал, 7-р сарын байдлаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.7 сая төгрөг байгаа юм. Задалж харуулбал, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.9 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.4 сая төгрөгөөр шинэ орон сууц худалдаалагдаж байна.

Сүүлийн саруудад замын түгжрэлээс шалтгаалж Нисэх, Яармаг чиглэлийн орон сууцны үнэ буурсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл тус чиглэлийн байрны үнэ буураагүй гэдгийг мэргэжилтэн тайлбарлаж байна.

Байрны үнэ буурах шалтгаан нь байршил, орчны тохижилт, дэд бүтэцтэй холбогдсон байдал, бартераар байр авах зэргээс шалтгаалдаг. Мөн сүүлийн үед хаусны эрэлт буурсан байна.