Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай Киевийн тэргүүн Володимир Зеленський ням гарагт мэдэгдлээ. Алексей Резников нь 2022 оны 2-р сард ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд халдан довтлохоос өмнө Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдож байжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленський Батлан хамгаалах яамандаа “Шинэчлэл” хийх цаг болсныг онцлоод тус улсын төрийн өмчийн газрын санг удирдаж байгаа Рустем Умеровыг Батлан хамгаалахын сайдаар томилох төлөвлөгөөтэй байгаагаа дуулгажээ.
Өдгөө 57 настай А.Резников Украины дайн эхэлснээс хойш олны танил болсон нэгэн бөгөөд олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн гэж шинжээчид дүгнэдэг юм. Тэрбээр Украины Батлан хамгаалах салбарыг тэргүүлж барууны улсуудтай дээд хэмжээний уулзалтад оролцож, эзлэн түрэмгийллийг сөрөхийн тулд олон улсаас дэмжлэг авахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэвч түүнийг огцруулах нь Украины Ерөнхийлөгч В.Зеленськийн авлигын эсрэг зарласан кампанит ажилтай холбоотой байж болзошгүйг хэвлэлүүд мэдээлжээ. Киевийн тэргүүн В.Зеленський засаг захиргааны бүтцэдээ тогтмол өөрчлөлт оруулж хууль тогтоогчдын эрх мэдлийн хүрээг хязгаарлах болон хууль эрх зүйн хүрээнд авлигын эсрэг тэмцэл хийх амлалт өгөөд байгаа юм.
Транспэрэнси интернэшнл судалгааны байгууллагаас гаргасан авлигын төсөөллийн индексээр Украин дэлхийн 180 орноос 116-д жагссан байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд авлигын эсрэг томоохон кампанит ажил өрнүүлж, хүчин чармайлт гаргаснаар өөрчлөлт гарсан гэж судлаачид үзэж байна.