БНСУ-д багш нар эрхээ хамгаалж жагслаа

Өнгөрөгч амралтын өдрүүдээр БНСУ-ын өнцөг булан бүрээс 200 орчим мянган багш тус улсын Үндэсний ассамблейн ордны гадаа цугларсан төдийгүй сурган хүмүүжүүлэгчид эрхээ хамгаалуулахыг эрх баригчдаасаа шаардсан байна. Учир нь өнгөрөгч 7-р сард Сөүлийн бага сургуулийн багш сурагчдынхаа эцэг эх, асран хамгаалагчдын доромжлол, дарамт, шахалтыг тэсвэрлэж чадалгүй амиа хорлосон байдалтай гэрээсээ олдсон нь тогтоогдсон байна. Энэ нь түүний мэргэжил нэгтнүүдийн дургүйцлийг өдүүлжээ. Амиа егүүтгэсэн багш нь шинэ төгсөгч байсан бөгөөд бага сургуульд ажиллаж эхлээд удаагүй байжээ. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан багш нар өөрийн ажлын байрт тулгарч байгаа дарамт шахалтын талаарх туршлагаа хуваалцаж, эрхээ хуулийн дагуу хамгаалуулах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Эцэг эхчүүд өдөр бүр, заримдаа амралтын өдрүүдээр хүртэл цаг тутам багш нарын хувийн утас руу залгаж, зогсолтгүй гомдол мэдүүлдэг. Түүнчлэн сургуулийн орчинд болон анги танхим дахь сурагчдын хоорондын үл ойлголцол, хэрүүл маргаан зэрэг нь багш нарын үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг, үүнтэй холбогдуулан цалингийнхаа тодорхой хувийг хасуулдаг улмаар ажлаасаа халагдах зэрэг дарамт шахалт их байгаа тухай багш нарын төлөөлөл хэвлэлд ярьжээ. Эдгээр шалтгааны уршгаар тус улсад багшийн мэргэжлээр ажиллах сонирхолтой төгсөгчдийн тоо буурсан. Мөн багш нарын эрхийг хамгаалах эрх зүйн орчин хязгаарлагдмал байгаа нь Өмнөд Солонгосын боловсролын салбарт шинэчлэл хийх хэрэгтэй болсныг илэрхийлж байна гэж жагсагчид мэдэгджээ.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ-ын засгийн газар өчигдөр шуурхай хуралдаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд шуурхай арга хэмжээ авахаа амлажээ.