Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясины бэлтгэсэн Монголын тухай контентууд 63 сая үзэлттэй байна

Улс орон бүр өөрсдийн онцлог, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, маркетингийн төлөвлөгөөг боловсруулдаг. Манай улсын тухайд энэ жил Монголд тавтай морил хөтөлбөрийг зарлаж 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэр дундаа соёлын олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, цахим орчинд олон сая дагагчидтай инфлюенсер буюу нөлөөлөгчдийг эх орондоо урьж авч ирсэн. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, ирэх жил жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгааг судлаач онцолж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, 2023 онд Монгол улсад зохион байгуулах олон улсын чанартай арга хэмжээний хуанлийг боловсруулсан. Нийт 69 арга хэмжээ зохион байгуулахаас 22 нь соёлын аялал жуулчлалтай холбоотой үйл ажиллагаа байна. Эдгээр нь зөвхөн арга хэмжээ гэхээс илүүтэйгээр маркетинг, сурталчилгааны үйл ажиллагаанд тулгуурлаж байна. Ингэснээр жуулчдыг татахад илүү нөлөөтэй байна.

Өнгөрсөн 8 дугаар сард Соёлын яам, БОАЖЯ болон бусад байгууллагуудын хамтран зохион байгуулагдсан “Nas Summit” олон улсын арга хэмжээ байсныг судлаачид онцолж байна.

2019 онд гэхэд л энэ төрлийн зах зээлийн нийт өртөг таван тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 3-4 жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, 20 тэрбум ам.долларт хүрчээ. Олон улсад инфлюенсерүүдийг 

  • Нано инфлюенсер: 1000-10000 дагагч
  • Микро инфлюенсер: 10000-50000 дагагч
  • Дунд инфлюенсер: 50000-500000 дагагч
  • Макро инфлюенсер: 500000-1000000 дагагч
  • Мега инфлюенсер: +1000000 дагагч

гэж авч үздэг. Харин манай улсад ирсэн инфлюенсерүүдийн дийлэнх нь макро болон мега түвшний ангилалд багтаж байна. Арга хэмжээнд Юүтүб сувагт сая, сая дагагчидтай олон улсын 20 гаруй контент бүтээгчид илтгэгчээр оролцсон. Эдгээр контент бүтээгчдийн нийт дагагчдын тоо 300 орчим сая.  Зөвхөн Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясины бэлтгэсэн Монголын тухай контентууд 63 сая үзэлттэй байна. Энэ нь манай улс ирэх онд жуулчдын урсгалыг татахад жинтэй нөлөөлөхүйц арга хэмжээ, маркетинг болж байгааг судлаач хэлж байна.

Нэг контент бүтээгчийг эх орондоо урьж авч ирэхэд ААН хамгийн багадаа 100 сая төгрөг шаардлагатай байдаг байна. Тиймээс хувийн ААН-үүдийн хамтын ажиллагаа чухал байгааг аялал жуулчлалын компанийн төлөөлөл мэдээлж байна.

ААН-үүд тэр дундаа үндэсний үйлдвэрлэлүүд хамтран ажилласнаар зөвхөн эх орноо сурталчилж жуулчдыг татахаас гадна бараа бүтээгдэхүүнээ олон улсад экспортлох боломж нь ч нэмэгддэг байна. Мөн цаашид манай улсын аялал жуулчлалын маркетинг энэ хэвээр үргэлжилбэл бидэнд соёлын аялал жуулчлалын шавхагдашгүй нөөц байгааг салбарынхан онцолж байна.