Нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 47 орчим сургууль байна

Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх төлөвтэй 47 орчим Ерөнхий боловсролын сургууль байна. Эдгээрээс зарим сургуулиуд хичээлийн байр болон өргөтгөлийн байргүйн улмаас хичээллэх нөхцөл байдал хүнд байгаа талаар сургуулийн төлөөллүүд мэдээлж байна.

Нийслэлийн 62 дугаар дунд сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай ба гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй хэвээр байна. Ингэснээр бага анги гэхэд л 50-аас дээш сурагчидтай хичээллэж байна. Нэг ангид хэт олон хүүхэд хичээллэснээр сургалтын чанар муудах, багш нарын ачаалал ихдэх, зэрэг олон эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлж байна. 

Харин 12-р дунд  сургууль энэ хичээлийн жил 3300 орчим сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус сургууль хичээлийн байргүйн улмаас 6-9-р ангийнхан цахимаар хичээллэж, ахлах ангийн сурагчид стандартын бус байранд хичээллэж байна.

Ирэх 11-р сарын 1 гэхэд 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг удаа дараа Боловсролын сайдын зүгээс мэдэгдсэн. Харин иргэд болоод багш ажилтнуудын зүгээс энэ шийдвэрт эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлж байна.

Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл багшийн ажиллах ачаалал ихсэхээс гадна сурагчдын сурлагын чанар муудна гэж эцэг эхчүүд үзэж байгаа юм. Хүн ам их төвлөрсөн, сургуулийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай ЕБС-ын барилгын өргөтгөл, сургуулийн зориулалттай барилга байгууламж барих хувийн хэвшлийн санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж, сургуулийн бүлэг дүүргэлт, суралцагчийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байхаар тооцно гэж Боловсролын хуульд тусгасан байна. Харин 45 болон түүнээс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид туслах багш ажиллуулна гэж заажээ.