Өнгөрсөн оны 2-р сард Украины дайн эхэлсний дараа Өрнөдийн банк санхүүгийн байгууллагууд ОХУ-ын зах зээлийг олноороо орхин гарсан юм. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын төрийн өмчит 4 том банк ОХУ-ын банк санхүүгийн байгууллагуудад болон тус улсын засгийн газрын томоохон төслүүдийг урагшлуулахын тулд олон тэрбум америк.долларын зээлийг олгожээ.
Энэ үйл явдлыг БНХАУ-ын эрх баригчдын юанийг дэлхийн тэргүүлэх валют болгох амбицтай төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэж шинжээчид дүгнэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын төрийн өмчит 4 томоохон банкны ОХУ дахь үйл ажиллагаа, цар хүрээ болон нөлөөлөл 2021 оны тоон үзүүлэлттэй харьцуулахад 4 дахин өсөн нэмэгджээ. Энэ нь ОХУ-ын эдийн засаг БНХАУ-ын банк санхүүгийн байгууллагуудаас улам бүр хараат болж байгаа гэдгийн тод илрэл юм. Өрнөдийн хориг арга хэмжээ ОХУ-ын бизнесийн орчныг улам бүр хумьж байгаа нь АНУ болон Европын томоохон банк санхүүгийн байгууллагууд Москваг орхин гарахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Гэвч ОХУ-д үйл ажиллагаа явуулж байсан Өрнөдийн банк санхүүгийн байгууллагууд тус улсын зах зээлийг орхин гарж, өөрийн актив хөрөнгөө худалдан борлуулж, хохиролгүй үлдэхийн тулд зарчмын шаардлага хангасан байх ёстой гэж Кремлийн зүгээс тулгаж байгаа юм. Энэ нь ОХУ-ын хилийн чанад дахь битүүмжилсэн хөрөнгийг буцааж өгөхтэй холбоотой бөгөөд уг шаардлагыг хангасны дараа Өрнөдийн банк санхүүгийн байгууллагууд ОХУ дахь үл хөдлөх хөрөнгө бусад өмчөө эгүүлэн авах эсвэл худалдан борлуулах боломжтой байна. Энэ талаар ОХУ-ын Сангийн дэд сайд даваа гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хятадын арилжааны, хөдөө аж ахуйн, аж үйлдвэрийн, барилгын нийт 4 томоохон банк ОХУ-ын банк санхүүгийн байгууллагууд болон Засгийн газрын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд 9.7 тэрбум америк.долларын зээлийг олгосон байна. 2020-2021 оны хооронд уг үзүүлэлт дөнгөж 2.2 тэрбум америк.доллароор хэмжигдэж байжээ.