2023 оны 8-р сарын 1-ээс засгийн газрын 8-р тогтоол хэрэгжиж эхэлсэн. Тус тогтоолын дагуу иргэн өрхийн эмнэлгээсээ 13А маягт цахимаар авахгүй бол 2,3-р шатлалын эмнэлэг, амбулаторит үзлэг, эмчилгээнд хамрагдахгүй тухай журмыг баталсан.
13А маягт нь эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг бөгөөд анхан шатны эмнэлэг тухайн өвчтөнд онош тавьж өөрсдөө тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй бол лавлагаа шатлал руу явуулах тогтолцоо юм. Тиймээс 13А маягтаас үүдэлтэй иргэдэд тулгардаг асуудлыг арилгахын тулд цахимжуулах ажлыг зохион байгуулсан. Гэтэл энэ нь иргэд болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд хүндрэл учруулж байгааг өрхийн эмнэлгүүдийн төлөөллүүд мэдээлж байна. Тухайлбал, сар бүр өрхийн эмнэлгээс эм авдаг иргэд, сахрын өвчтэй хүмүүс зэрэг 13А маягт шаардлагагүй иргэдийг анхан шатны эмнэлэг рүү явуулж байгаа нь өрхийн эмнэлэг болон иргэдэд ачаалал үүсгэдэг байна.
13А маягтыг авахын тулд ихээхэн цаг хугацаа зарцуулах асуудал иргэдэд тулгардаг. Тэр дундаа Улаанбаатар хотод оршин суугаа орон нутгийн харьяалалтай иргэн 13А маягт авах шаардлагатай болсон тохиолдолд аймаг, сумын эмнэлэгтээ хандаж өөрийн биеэр очиж үзүүлсний дараа авдаг байна. Гэтэл энэ маягтыг авсны дараа 7 хоногийн хугацаанд ашиглах ёстой байдаг ч улсын эмнэлэгт авсан цаг нь 1-2 сарын дараа л олгогдох боломжтой байгаа юм. Үүнээс шалтгаалж орон нутгийн харьяалалтай иргэд нь олон хоног эмнэлэгт үзүүлж чадахгүй хүлээх, өвчнөө хүндрүүлэх нэг шалтгаан болдог талаар Эрүүл мэндийн сайд мэдээлж байна.