Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлсэн 11 төслийн 5 нь амжилттай хэрэгжиж байна

Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны хоёрдугаар ээлжийн сонгон шалгаруулалт зарлагджээ. Тус сан нь 2022 оны 9-р сард анхны сонгон шалгаруулалтаа зарлаж, 11 төсөлд санхүүжилт олгосон байна. Одоогийн байдлаар эдгээр төслүүдээс 5 нь хэрэгжиж эхэлжээ.

Манай улс 2022 онд анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болж Монголын үндэсний кино урлагийн зөвлөл байгуулагдсан. Ингэснээр кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагаа сэргэсэн. Уг сан нь кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, кино бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, Монгол киног олон нийтэд сурталчлах зорилготой. Жилд 2 удаа сангаас санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалт явуулах журамтай байна. Анхны сонгон шалгаруулалтаа 2022 оны 9-р сард зарлаж 64 төсөл хүлээн авснаас 11 төсөлд 1 тэрбум 71 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ. Санхүүжилт авсан төслүүд эхнээсээ амжилттай хэрэгжиж эхэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн 6 дугаар сард “Алдагдсан өдрүүд” хүүхдийн сэдэвт гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийсэн бол мөн төслөөс санхүүжсэн "Кино нүүдэл" кино зохиол, кино төслийн сургалт амжилттай хэрэгжсэн юм. Харин энэ сард кино урлагийг дэмжих сангаас 40 сая төгрөгийн санхүүжилт авсан Наруми академийн киноны нүүр хувиргалтын эрчимжүүлсэн сургалт үйл ажиллагаагаа нээжээ.

Энэ оны хоёрдугаар ээлжийн сонгон шалгаруулалтын төслийн материалыг 9-р сарын 30-ныг хүртэл цахимаар хүлээн авна. Төслүүдэд эргэн төлөх нөхцөлтэй болон эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилт олгоно.

Ингэхдээ эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр:

  • Кино бүтээх 
  • Монгол улсад олон улсын кино наадам зохион байгуулах
  • Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох 
  • Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах гэсэн 4 ангилалд төсөл хүлээн авахаар болжээ.

Харин эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөлд:

  • Кино бүтээх төслийн төрөлд зааснаас бусад чөлөөт сэдвийн арилжааны кино бүтээл
  • Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх гэсэн хоёр ангилалд төсөл хүлээн авахаар болжээ. 

Өмнөх сонгон шалгаруулалтад нийтлэг ажиглагдсан алдаа нь уран бүтээлчид төсөл бичих стандартыг хангаагүй, баримт бүрдүүлэлт муу байсан байна. Тиймээс энэ удаа төслөө илгээх гэж байгаа уран бүтээлчдэд зориулсан гарын авлагыг Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн цахим хуудаст байршуулжээ.

Баримт бичгийн шаардлага хангаж, программаар цааш дамжсан төслүүдийг кино урлагийн зөвлөлийн гишүүд нэг бүрчлэн үзэж журамд заагдсан шаардлагын дагуу шалгаруулна. Шалгарсан төслүүдэд санхүүжилт олгох эсэхийг соёлын сайд эцэслэн баталдаг байна.