Их Британийн Засгийн газар ОХУ-ын хөлсний цэргийн бүлэглэл болох “Вагнер” группийг террорист байгууллага хэмээн зарлажээ. Ингэснээр Их Британийн иргэд болон тус улсад оршин сууж байгаа бусад улсын иргэд “Вагнер” группт санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсвэл гишүүнээр элссэн тохиолдолд хуулийн хатуу хариуцлага хүлээхээр болж байна.
Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверманы өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт парламентын танхимд өргөн барьсан хуулийн төсөлд тусгаснаар “Вагнер” группийн Лондон, Манчестер дахь үл хөдлөх хөрөнгийг террорист өмчийн ангилалд багтааж, битүүмжлэх боломж бүрдэх юм байна. Суэлла Браверман “Вагнер”-ыг “Дийлдэшгүй хорлон сүйтгэгч” хэмээн тодорхойлсон төдийгүй хөлсний цэргийн бүлэглэл нь В.Путины дайны хэрэгсэл гэдгийг онцолжээ.
Вагнер группийн хөлсний цэргүүд Украинд болон Африкийн иргэний дайны хөлд нэрвэгдсэн хэд хэдэн улсад үүрэг гүйцэтгэж байгаа нь дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа. Мөн Вагнерийн ерөнхий үйл ажиллагаа нь зөвхөн Кремлийн зорилгыг гүйцэлдүүлэхэд зориулагдсаар ирсэн гэдгийг Их Британийн Засгийн газрын цахим хуудаст нийтэлжээ. Иймд тус бүлэглэлийг террорист байгууллагаар зарлаж, үндэстэн дамнасан хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоохоос өөр аргагүй болсныг тайлбарлажээ.
Өнгөрөгч 6-р сард хөлсний цэргийн бүлэглэлийн удирдагч Евгений Пригожин ОХУ-ын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудыг хурцаар шүүмжилж, улмаар зэвсэгт бослого гаргасан ч бүтэлгүйтсэн юм. Уг үйл явдлын дараа тус бүлэглэлийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй байдалд орсон. Гэхдээ хөлсний цэргүүдийн дийлэнх олонх нь ОХУ-ын Батлан хамгаалах яамтай хөдөлмөрийн гэрээ байгуулж Украинд эргэн үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгаа гэж шинжээчид таамаглаж байна.
Тэгвэл Их Британийн 2000 оны Терроризмын тухай хууль нь Дотоод хэргийн сайддаа томоохон эрх мэдлийг олгосон буюу терроризмтой холбоотой гэж үзвэл аливаа байгууллагын үйл ажиллагааг хориглох эрхийг олгосон. Гэхдээ терроризмын ангилалд багтсан байгууллагын хөрөнгийг битүүмжлэхийн тулд тухай бүрд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг парламентын танхимд өргөн барьж, батлуулах шаардлагатай байна.
Одоо Их Британийн болон тус улсад оршин суудаг цагаач болон өөр улсын иргэд Вагнер хөлсний цэргийн бүлэглэлийг дэмжих, тэр дундаа байгууллагын үйл ажиллагааг урагшлуулах зорилготой уулзалт зохион байгуулах, туг далбаа, лого зэргийг байрлуулахыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн хариуцлага ногдуулах юм байна.