Цагаан ордны тэргүүн Жо Байден хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан тавьсан илтгэлдээ АНУ-д ажилгүйдлийн түвшин буурсныг онцлов

Цагаан ордны тэргүүн Жо Байден түүний засаглалын он жилүүдэд АНУ-д ажилгүйдлийн түвшин үлэмж хэмжээгээр буурсныг онцолсон байна. Өнгөрөгч даваа гарагт Жо Байден хөдөлмөрчдийн баярын өдрийг тохиолдуулан тавьсан илтгэлдээ түүний тэргүүлж байгаа Засгийн газрын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого оновчтой, үр дүнтэй байгаа тухай ярьсан байна.

Ирэх 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчид өөрийн сурталчилгааны кампанит ажлаа эхлүүлээд байгаа юм. Тэгвэл одоогийн Цагаан ордны тэргүүн Жо Байден хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан тавьсан илтгэлдээ түүний засаглалын он жилүүдэд нэгдсэн улсад ажилгүйдлийн түвшин буурч, шинэ ажлын байрны орон тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг онцолжээ. Жо Байден өөрийн тэргүүлж байгаа Засгийн газрын эдийн засгийн бодлого, арга хэмжээ Доналд Трампын засаглалын үетэй харьцуулахад илүү эерэг үр дүнг гаргаж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр Бүгд Найрамдах нам Засгийн эрхийг гартаа авсан он жилүүдэд АНУ-ын иргэд ажилгүй, орлогогүй болсон гэдгийг илтгэлдээ удаа дараа дурдсан байна.

Ирэх 2024 онд Жо Байден бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсны дараа ээлжит удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл түүний сонгуулийн кампанит ажлын гол тулгуур нь түүний хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна. Жо Байдены засаг захиргаа ажилчдыг чадавхжуулах, АНУ-ын дундаж давхаргыг бэхжүүлэх, өндөр орлоготой иргэддээ өндөр татвар оногдуулахад анхаарлаа хандуулж байгаа. Харин Нэгдсэн улсын Ерөнхийлөгч асан Доналд Трамп үндэстэн дамнасан томоохон компани, аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлж, төрийн дарамт шахалтыг бууруулснаар эдийн засгаа тэлэхэд анхаарлаа хандуулж байсан юм.

Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп, Жо Байден нарын хооронд ширүүн өрсөлдөөн гарна гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Харин сүүлийн үеийн албан бус санал асуулгын дүнгээр Доналд Трамп АНУ-ын иргэдийн итгэлийг хүлээх төлөвтэй байна. Тухайлбал, өнгөрсөн сард Ройтерс агентлагаас явуулсан санал асуулгад оролцогсдын 60 гаруй хувь нь ирэх жил Доналд Трампыг төрийн тэргүүнээр сонгохоо илэрхийлсэн байна. Харин санал асуулгад оролцогсдын 40 орчим хувь Жо Байдены засаглалд сэтгэл хангалуун байгаа тул дахин сонгохоо мэдэгджээ.