Дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий 20 улсын эрх баригчид энэ сарын 9,10-ны өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо чуулж, тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцжээ. “Хорийн бүлэг”-ийн гишүүн орнуудын удирдагчид Украины дайны асуудлаарх гүн гүнзгий санал зөрчилдөөнийг даван туулахын тулд зөвшилцлийн санамж бичиг боловсруулах болон дэлхийн банк тэргүүтэй ОУ-ын санхүүгийн байгууллагуудыг бодлогын хувьд шинэчлэх зэрэг асуудлыг голлон хэлэлцжээ.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай, аж үйлдвэржсэн 20 улсын удирдагчид энэ сарын 9,10 өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо чууллаа. Тэд бүлэглэлийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд 55 гишүүн улс орныг эгнээндээ нэгтгэсэн “Африкийн холбоог “Хорийн бүлэг”-тээ шинэ гишүүнээр элсүүлэх шийдвэрт хүрчээ. Мөн “Хорийн бүлэг-”ийн гишүүн орнуудын удирдагчид эзлэн түрэмгийлэл эхлүүлсэн ОХУ-ыг шууд зэмлэн буруутгахаас татгалзсан ч аливаа улсын газар нутгийг хүчээр булаан эзлэх явдал болон Украины ард түмний туулж байгаа зовлон зүдгүүрийг дурдахгүй өнгөрч болохгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.
Хоёр өдөр үргэлжилсэн Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, Энэтхэг, Саудын Арабын удирдагчид Ойрх Дорнод болон Өмнөд Ази, цаашлаад Европыг холбосон төмөр зам, боомтуудыг барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгджээ. Энэ нь Цагаан ордны тэргүүн Жо Байдены санаачилсан томоохон “Бодит ажил” гэдгийг талууд онцолсон байна.
Үүнээс гадна “Хорийн бүлэг”-ийн удирдагчид 2030 он гэхэд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцож, нүүрсний хэрэглээг халах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн ч уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахад чиглэсэн томоохон зорилтууд дэвшүүлээгүй байна.
Эцэст нь БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди энэ удаагийн “Хорийн бүлэг-”ийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан нь Энэтхэгийн дипломат болон эдийн засгийн нөлөөлөл дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгааг харуулж чадлаа гэж судлаачид үзэж байна. Дэлхийн хамгийн их хүн амтай тус улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт цар тахлын он жилүүдийн дараа үлэмж хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд, цаашдаа ч өсөх төлөвтэй байна.