Өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатар хотын 450 байршил, 161 уулзварт тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ уншигч төхөөрөмж байршуулсан. Нийслэл дэх бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож, дээрх төхөөрөмжөөр замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийг хянадаг болсноор авто замын түгжрэлийг бууруулах боломжтой болно гэж албаныхан мэдээлж байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл цахим гэрчилгээний олголт хийгдээгүй байна. Иргэд ч энэ талын мэдээллээр хангагдаагүй, мэдээлэл дутмаг байгааг хэлж байна.
Улаанбаатар хотод 650 мянга орчим тээврийн хэрэгсэл байгаагаас 500 орчим мянга нь өдөр тутамд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байна. Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх, цахим гэрчилгээг олгох зэрэг цогц ажлуудыг хийхээр болсон талаар өнгөрөгч гуравдугаар сард мэдэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээг олгосон байна. Мөн техник технологийн зарим асуудлаас шалтгаалж ажлын явц удааширсан байна.
Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулснаар тухайн тээврийн хэрэгсэл торгууль, татвараа төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм. Харин зарим жолооч нарын төлөөллөөс цахим гэрчилгээний талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг тодруулахад дийлэнх нь ямар ч мэдээлэлгүй байгаа гэдгээ хэлж байна.
Цахим гэрчилгээг иргэдэд ойр зах худалдааны төвүүдээр олгох юм. Мөн жолооч нар одоо ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахим болгоход ямар нэгэн төлбөр авахгүй. Харин шинээр тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэд 14.700 төгрөгөөр цахим гэрчилгээгээ авах юм.