ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Сергей Катиринс “Газпром компани шингэрүүлсэн байгалийн хийг анх удаа Умард мөсөн далайгаар тээвэрлэн Хятад улсад” нийлүүлснийг онцолжээ. Хятад, Орос хоёр улс тэнцвэртэй, олон талт худалдаа, арилжаа явуулж байгаа гэдгийг Сергей Катиринс дурдаад, тээвэр логистикийн олон сонголтыг бий болгохыг зорьж байгаагаа цохон тэмдэглэжээ.
Украины дайн эхэлснээс хойш Барууны улс, орнуудын хориг арга хэмжээд өртөөд байгаа ОХУ-ын компаниуд зах зээлээ дорно зүг чиглүүлээд байгаа юм. Харин дэлхийн дулаарлын уршгаар Хойд туйлын мөс хайлснаар шинэ тээвэрлэлтийн шинэ боломжийг бий болгожээ.
Өнгөрсөн сарын 14-нд Санкт-Петербург хотын Портовая боомтоос хөдөлсөн хөлөг онгоц Умард мөсөн далайн замаар зорчиж, өнгөрсөн долоо хоногт Хятад улсын Хэбэй мужийн Таншань боомтод очсон байна.
Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын төрийн өмчит эрчим хүчний томоохон компаниуд Энэтхэг, Хятадын зах зээлд идэвхтэй бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон юм. Дайны санхүүжилтээ босгохын тулд Кремлийн эрх баригчид хямд өртгөөр их хэмжээний байгалийн хий газрын тосыг Зүүн азийн улс орнуудад нийлүүлж байгаа гэж шинжээчид таамаглаж байгаа.
Тэгвэл 2023 оны эхний хагасын байдлаар ОХУ-ын эрчим хүчний компаниудын цэвэр ашиг дөнгөж 6 тэрбум америк.долларыг даваад байгаа нь Украины дайн эхлэхээс өмнөх үеийн үзүүлэлтээс даруй 3 дахин буурчээ.