БНХАУ-ын хууль сахиулагчид Батлан хамгаалахын сайдаа авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байж болзошгүй байна

БНХАУ-ын хүчний байгууллагыг хөгжлийн шинэ түвшинд хүргэхэд нэлээдгүй үүрэг гүйцэтгэсэн гэгддэг ахмад дайчин, генерал Ли Шангфу энэ оны эхээр Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм. Гэхдээ Ли Шангфу төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсоноосоо хойш ердөө зургаан сарын дараа авлигын хэрэгт холбогдсон байж магадгүй байна. Тэрбээр сүүлийн нэг сар гаруйн хугацаанд олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй төдийгүй түүнийг цэргийн техник хэрэгсэл худалдан авах асуудалтай холбогдуулан шалгаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд сүүлийн нэг сар орчмын хугацаанд олны өмнө ил гараагүй байгаа. Энэ нь Ши Жиньпин даргын засаглалын талаарх тодорхойгүй байдлыг улам бүр даамжруулж байна гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ын Батлан хамгаалах яамтай шууд харилцдаг нэрээ нууцалсан гурван дипломат албаны ажилтан “Ли Шангфуг авлигын хэрэгт холбогдсон гэдэгт итгэлтэй” байгаагаа Өрнөдийн хэвлэлд хэлжээ.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шангфу өнгөрөгч 8-р сарын сүүлээр хамгийн сүүлд Бээжин хотноо гадаадын төлөөлөгчидтэй уулзсанаасаа хойш, олныг хамарсан дипломат арга хэмжээнд оролцоогүй байна. Түүнчлэн Өрнөдийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарим нэрээ нууцалсан албаны эх сурвалжаас авсан мэдээлэлд өгүүлснээр хуулийн байгууллагаас Ли Шангфуг цэргийн техник хэрэгсэл худалдаж авах асуудалтай холбогдуулан шалгаж байж магадгүй байна. Энэ асуудлаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсны тайлбар өгөхөөс татгалзаад зогсохгүй нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл алга гэсэн тайлбарыг өгсөн байна.

Үүнээс гадна оны эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар тодорсон Чин Ганг өнгөрөгч 7-р сард тус улсын цөмийн зэвсэгт хяналт тавьдаг анги нэгтгэл солигдохтой зэрэгцэн албан тушаалаасаа ямар нэгэн тайлбар өгөлгүй чөлөөлөгдсөн юм. Түүний талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон төрийн зөвлөлөөс албан ёсны тайлбар өгөөгүй хэвээр байгаа. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас шалгагдаж байгаа талаар Өрнөдийн хэвлэлд хэлсэн байна.

Хаалттай систем дэх учир битүүлэг нөхцөл байдал дэлхий нийтэд түгшүүр төрүүлж байгаа явдалд шинжээчид санаа зовниж байна. Хятадын төрийн өндөр дээд албан тушаалтнууд олны өмнө ил гаралгүй, удаан хугацаагаар алга болох нь ямар нэг асуудалд холбогдсоны шинж тэмдэг гэж үздэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан энэтхэг улсад болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоос татгалзсан.  Ши Жиньпин Засгийн эрхэнд гарснаасаа хойш тус дээд хэмжээний уулзалтыг анх удаа алгасан нь энэ юм. Ши Жиньпиний засаглалын дотоод зөрчил асуудал даамжирч байгаа явдал нь дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн асуудалд хүртэл сөргөөр нөлөөлж болзошгүй байна.