“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 1 тонн нүүрсийг 3900 төгрөгөөр тээвэрлүүлэх тохиолдол байна

Энэ он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 22 сая америк.доллар давсан эерэг үзүүлэлттэй байна. Гэтэл нүүрс зөөдөг тээвэрчдийн цалин орлого 50 хувь хүртлээ буурчээ. Үүнтэй холбоотойгоор хамгийн бага үнэ санал болгосон компаниар нүүрс тээвэрлэлтийг хийлгэж байгаа нөхцөл байдал болон “С” зөвшөөрлийг олгож буй зарим зохицуулалтыг эргэж харах шаардлагатай байна гэдгийг тээврийн компаниудынхан хэлж байна. 

Биржээр дамжуулан, хил нөхцөлөөр нүүрс худалдаалахтай холбогдуулан тендер шалгаруулалтаар “ЭТТ” компани нь хамгийн бага үнэ санал болгосон тээврийн компанитай гэрээ байгуулан нүүрсээ хүргүүлж байгаа. Гэтэл энэ нь дотоодын тээврийн компаниуд зардлаа нөхөж чадахгүй, ашгийн түвшин бага байна. Тодруулбал, нүүрс тээврийн багц төрлөөсөө шалтгаалаад 1 тонн нүүрсийг 3900 төгрөгөөр зөөж тээвэрлэх тохиолдол ч байгаа юм.

Мөн нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэнтэй холбогдуулан байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийг нүүрс олборлолтын компаниуд өөрсдөө олгож эхэлсэн. Үүний дагуу 2023 оны 1-р улиралд Гашуунсухайт хилийн боомтод нийт 7800 “С” зөвшөөрөл олгосноос 60 хувь буюу 4680 зөвшөөрлийг “ЭТТ” компанийн тээвэрлэлтэд хуваарилсан юм. Тэгвэл “ЭТТ” компанийн зүгээс нүүрс зөөх тээврийн хэрэгсэлд хувь тэнцүүлэн “С” зөвшөөрөл олгосон бөгөөд ямар нэгэн байдлаар давуу эрх олгоогүй талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Харин тээвэрчдийн холбооноос хэлэхдээ томоохон Хятад компаниудад нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг түлхүү олгож байна гэж мэдээлж байна.

Дотоодын нүүрс тээврийн компаниудыг ашгаа нөхөх ч боломжгүй доод үнээр тээвэр хийлгүүлж байгаа зохицуулалт болон “С” зөвшөөрлийн хуваарилалтыг эргэн харж, сайжруулах хэрэгтэйг хэлж байна.