Ердөө 20 гаруй жилийн өмнө багшийн мэргэжил нь хамгийн нэр хүндтэй, хүссэн болгон нь эзэмших боломжгүй мэргэжил байсан. Гэтэл одоо багшийн хөдөлмөр Монгол улсын цалингийн дунджаас 7 дахин багаар үнэлэгдэж, хөдөлмөрлөх орчин нөхцөлөөр хангагдаж чадахгүй байгааг тэдний төлөөлөл хэлж байна.
- Боловсролын салбар нь үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэ тогтолцоонд 2022 онд шилжсэний дараа багшийн цалин 1.005.000 төгрөгөөс эхэлж байсан. Мөн ажилласан жилээр нь хувь тооцон бодохоос гадна тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, эрүүл мэндийг дэмжих зэрэг нийт 5 төрлийн зардлыг төрөөс олгодог болсон юм.
- Харин энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн төсвийн тодотголын хүрээнд ЕБС-ийн багшийн үндсэн цалинг 1.273.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн.
- Мөн үндсэн цалин дээр мэргэжлийн зэрэг, гүйцэтгэлийн урамшуулал, ажилсан жил зэргээс шалтгаалж тодорхой хувийн нэмэгдэл олгож байгаа юм.
- ЕБС-ийн багшийн цалин тодорхой хувиар нэмэгдэж байгаа ч гаднын улсыг зорьж ажил, хөдөлмөр эрхлэх багшийн тоо буурахгүй байгааг салбарын төлөөллүүд хэлж байна.
Тухайлбал боловсролын байгууллагад математикийн багшаар 30 гаруй жил ажиллаж байгаа Д.Энхтуяа нь хоёр жилийн өмнө гэхэд л 608.000 төгрөгийн цалин авдаг байжээ. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, татвар, эрүүл мэндийн даатгал төлөхөөс гадна бичгийн цаас, шохой, принтерийн хор зэрэг зардлыг хувиасаа гаргадаг байсан талаар хуваалцаж байгаа юм. Мөн түүний ажилладаг 16-р сургуульд химийн багшаар ажиллах хүн олдоогүй учир тус чиглэлийн эмч хичээл заадаг байжээ. Үүнээс гадна тус сургуулийн 4-5 багш зуны гурван сар Солонгос улс руу ажиллах тохиолдол жил бүр давтагддаг байна. Энэ нь багш, ажилчдын хөдөлмөрлөх нөхцөл, цагийн хуваарь, цалингийн асуудлаас үүдэж боловсролын салбарт ажиллах боловсон хүчний тоо багасаж байгаатай шууд холбоотойг хэлж байна.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэг багшид 21 суралцагч ногдож байгаа гэсэн судалгаа байдаг ч сургуулийн өмчийн хэлбэр, байршил зэргээс хамааран ялгаатай байна. Тодруулбал, зарим сургуулийн хичээлийн байр болон багшийн хомсдолоос шалтгаалж нэг багшид 40-50 хүүхэд ногдох тохиолдол олон байгаа юм.
Багш нарын цалин тэдний амьдралд нь хангалттай хэмжээнд хүрэлцдэггүйгээс шалтгаалж зуны гурван сар Солонгос улсыг ихэвчлэн зорьдог байсан багш нар сүүлийн үед Австрали улсыг зорих нь ч ихэсжээ. Тиймээс тус салбарын ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд цаашид ч үе шаттайгаар цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг тус салбарынхан онцлон хэлж байсан юм.