Нярайн шарлалтын эмгэг нь нийт нярайн 50-60 хувьд илэрдэг байна

Сүүлийн жилүүдэд нярай хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох эмгэгээс шалтгаалсан олон төрлийн өвчлөл хүндрэлүүд гарах болсон байна. Тиймээс нийслэлийн есөн дүүргийн ӨЭМТ-ийн 400 орчим эмч мэргэжилтнийг энэ төрлийн өвчин эмгэгийн эмчилгээ үйлчилгээний сургалтад хамруулжээ.

Уг сургалтаар ханиад томуу, бүтэлттэй нярайг хянах, хүүхдийн хоцрогдлыг эрт илрүүлэх, нярайн шарлалт зэрэг өвчлөлтүүдийг хэрхэн зөв эмчлэх, эрт илрүүлэх тухай ярилцсан байна. Манай улсад төрж буй нийт нярайн 50-60 хувьд нь шарлалтын эмгэг илэрдэг байна. Тэгвэл бойжилтын хугацаанд тохиромжтой зөв эмчилгээг хийснээр олон эрсдэлээс сэргийлэх  боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал АНУ-д нярайн тархины даралт, шарлалт зэрэг эмгэгүүдийг эмийн бус аргаар эмчлэх сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг ашигладаг байна. Манай улс ч мөн адил энэ аргыг хэрэгжүүлэх нь чухал юм байна.

Нярайн шарлалтыг эрт үед нь оношлох нь чухал юм. Харин зарим эцэг эх асран хамгаалагчид дур мэдэн гэрийн аргаар эмчилгээ хийх тохиолдол элбэг байдаг байна. Иймд нярайн эхэн үед тогтмол өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад байх  шаардлагатай юм.

0-5 насны хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхан шатлалын эмч нарын үүрэг оролцоо чухал юм. Иймд нийслэлийн есөн дүүргийн 400 орчим өрхийн эмч нарт АНУ-ын эмэгтэйчүүдийн эмнэлгийн нярайн зөвлөх эмч Сара Мэй Коорс чадавхжуулах сургалт зөвлөгөөг эмч нарт олгожээ.