2018 онд эхэлсэн Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 4 жил дамнан үргэлжилсний эцэст 2022 онд эхний хоёр эгнээ бүхий 204 км замыг ашиглалтад оруулсан бөгөөд тус чиглэлийн зам бүхэлдээ бүрэн нээгдээгүй байна. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажилтай танилцахдаа замын ажлыг энэ ондоо багтаан бүрэн дуусгахыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна. Мөн авто замын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-инженеринг корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг анхааруулсан байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх ажил 5 дахь жилдээ үргэлжилж байна. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж байгаа бол Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозамыг барьж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны 7-р сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар авто замын барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.
Харин Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тухайн оныхоо 10-р сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ тус замын ажлын явцтай гурав дахь удаагаа танилцаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан дуусгахыг үүрэг болгосон байна.
Мөн Ерөнхий сайд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тендерийн асуудалд холбогдож, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-инженеринг корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болгожээ. Тус компани нь автозамын бүтээн байгуулалтын тендерийн анхны сонгон шалгаруулалтад 5-р багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 9.8 сая ам.долларын өртөгтэй 30.53 км замын бүтээн байгуулалтад шалгарсан байдаг. Харин сүүлд гурван багц дээр ажиллахаар болсон ч авто замыг бүрэн дуусгаагүй байна.