Европын холбооны улсууд Украины үр тариа, хүнсний бүтээгдэхүүнд импортын хязгаарлалт тавьсан тул Киев ДХБ-д ханджээ

Өнгөрөгч сард Европын холбооны хэд хэдэн улс орон Украины үр тариа, хүнсний бүтээгдэхүүнд импортын хязгаарлалт тавьсан юм. Үүнтэй холбогдуулан Украины эрх баригчид дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаж, хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлэхээр болсноо Даваа гарагт мэдэгдсэн байна. 

Польш тэргүүтэй Европын холбооны гурван улсын эрх баригчид Украины үр тариа, хүнсний бараа бүтээгдэхүүнд импортын хязгаарлалт тавих шийдвэр гаргасан юм. Тэгвэл ийм хязгаарлалтын арга хэмжээ нь ЕХ-ны улс орнуудын Украины өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байгаа явдал гэдгийг Киевийн тэргүүн В.Зеленський онцолсон байна. 

Польш улсын хууль тогтоогчид дотоодын хөдөө аж ахуйн салбар, тариаланчдаа импортын хямд бараа бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд хязгаарлалтын арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрснээ хэлж байсан юм. Өнгөрсөн жил ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украины үр тариаг хар тэнгисээр тээвэрлэхэд асуудал тулгарсан тул Киев экспортоо Европ руу чиглүүлсэн. Ийнхүү Украины хямд өртөгтэй үр тариа Европын зах зээлд нэвтэрснээр Польш, Словак, Унгар зэрэг хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж байгаа улсуудад томоохон цохилт болсон байна. 

Даваа гарагт Украины сангийн сайд Юлия Свириденко “ЕХ-ны гишүүн улс бүр Украины бараа бүтээгдэхүүний импортыг хориглох боломжгүй гэдгийг батлах нь бидний хувьд нэн даруй шийдвэрлэх асуудал болж байгаа тул бид дэлхийн худалдааны байгууллагад нэхэмжлэл гаргаж байна” хэмээн мэдэгджээ.

Гэвч Унгарын ерөнхий сайд Виктор Орбан “Дайн эхлэхээс өмнө ЕХ-ны улс орнууд Украины үр тариа, хүнсний бараа бүтээгдэхүүнд хориг, хязгаарлалт огт тавьдаггүй байсан, тийм хууль эрх зүйн зохицуулалт ч байдаггүй, засгийн газруудын хооронд хэлэлцэж, тохиролцсон зүйл байхгүй учраас дотоодын зах зээлээ хамгаалах нь тусгаар тогтносон улс орны шийдвэр” гэж Даваа гарагт мэдэгдсэн байна. 

Украин бол Наранцэцэгийн тос, Улаан буудай, Арвай, Эрдэнэ шиш зэрэг үр тарианы дэлхийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг юм. Дайн эхэлснээс хойш Украины хөдөө аж ахуйн нөөцөд 20 сая тонн үр тариа байгаа гэсэн тооцоо гарсан. Харин хар тэнгисээр тээвэрлэлт явуулах боломжгүй болсон нь дээрх хэмжээний үр тариаг газрын тээврээр Европ руу хямд өртгөөр нийлүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн гэж шинжээчид үзэж байна.