БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ өрнүүлэхээр ОХУ-д айлчилж байна

БНХАУ-ын эрх баригчид өөрийн холбоотон ОХУ-ын эхлүүлсэн эзлэн түрэмгийллийг шууд буруутгахаас үргэлж зайлсхийж байгаа нь Москвагийн талд улс төрийн дэмжлэг үзүүлж байгаагаар илэрхийлэгдэж байна гэж өрнөдийнхөн үзэж байгаа юм. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И “стратегийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх уулзалт” хийхээр Москва хотноо хүрэлцэн очсон байна. 

БНХАУ-ын эрх баригчид ОХУ хөрш улс руугаа халдан довтолсныг шууд буруутгахаас үргэлж зайлсхийж байгааг өрнөдийн бодлого тодорхойлогчид хурцаар шүүмжилж байгаа юм. Гэвч Бээжингийн зүгээс байр сууриа хамгаалж, хоёр улсын ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хэлэлцээрийн ширээний ард дуусгавар болгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. 

Тэгвэл өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва хотноо газардсан БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И “Украины дайныг зогсоох хөндлөнгийн санал, санаачилгад Москвагийн ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой” тухай хэвлэлд ярьжээ. Даваа гарагт Ван И, Сергей Лавров нар “Украины нөхцөл байдлын асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ өрнүүлснийг өрнөдийн хэвлэлүүд онцолсон байна.

Саяхан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д төрийн айлчлал хийж алс дорнод дахь “Восточный” сансрын буудалд Кремлийн тэргүүн В.Путинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Хоёр улсын удирдагч зэвсэг нийлүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийсэн явдалд цагаан ордны хууль тогтоогчид санаа зовниж байгаагаа илэрхийлсний дараахан Ван И ийнхүү Москва хотноо газарджээ. 

Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн ойрын холбоотон БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй удахгүй биечлэн уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн ч уулзалт чухам хэзээ хаана болохыг огт дурдаагүй юм.  Тэгвэл Путин ирэх сард болох “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцох магадлалтай байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн 3-р сард Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхээс В.Путиныг Украинд үйлдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэр зарлагдсанаас хойш В.Путин хилийн дээс алхаагүй байгаа юм. 

Тэгвэл ОУ-ын тэргүүлэх судлаач Рорри Даниэлс  “БНХАУ-ын эрх баригчид Украины дайныг зогсоож, Европтой харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа. Гэсэн хэдий ч Бээжин өөрийн холбоотон Москвагийн одоогийн нөхцөл байдал, улс орных нь ирээдүйд санаа зовниж байгаа тул дайны буруутанг шүүж, буруутгахаас илүүтэйгээр үр дүнд суурилсан яриа хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй байгаа” хэмээн таамаг дэвшүүлсэн  байна.