Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.4 хувиар өссөн байна

Цар тахлын уршгаар сүүлийн жилүүдэд инфляци өсч, бараа бүтээгдэхүүний үнэ өртөг хурдтайгаар нэмэгдсээр байгаа. Хэдийгээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүнд нийт ажиллагсдын дундаж цалин өссөөр байгаа ч иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт цалингийн өсөлтөөр хэмжигдэхгүй байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар ААНБ-д ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2023 оны 2-р улирлын байдлаар 1.9 сая төгрөгт хүрсэн ч энэ нь иргэдийн амьжиргаа болон бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байгааг тэд хэлж байна. 

Монгол улсын иргэдийн дундаж цалинг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалын дагуу тооцдог. Тухайлбал Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААН, байгууллагын ажилтны цалинг нийт даатгуулагчдын мэдээлэлд үндэслэж гаргадаг байна. Мөн бодит цалинг тооцож гаргадаггүй буюу татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хасаж  боддоггүй тул улирал тутамд иргэдийн нэрлэсэн цалин харьцангуй өндөр тооцогдож гарч байгаа гэдгийг ҮСХ-оос тайлбарлаж байна. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны 2-р улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.4 хувиар, өмнөх улирлаас 3.2 хувиар нэмэгджээ. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 2.1 сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна. Харин нийт ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.2 сая төгрөгийн цалин авч байна. 

Хэдий нэрлэсэн дундаж цалин өсөлттэй байгаа ч иргэдийн худалдан авах чадвар буурсаар байгаа нөхцөл байдалд олон хүчин зүйлс хамааралтай ч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байна. Тиймээс иргэдийн худалдан авалтад дарамт учирдаг энэ байдлыг арилгахын тулд үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийг солонгоруулах шаардлагатайг иргэд хэлж байна.