Монгол улсын Морин хуурын чуулга алдарт Сиднейн дуурийн театрын тайзнаа бүрэн хэмжээний тоглолтоо толилууллаа. Энэхүү тоглолт нь Монголын соёл урлагийн түүхэн дэх анх удаа тус театрт хийсэн тоглолт бөгөөд дэлхийн тавцанд улс орноо, соёл уламжлалаа сурталчилсан томоохон хэмжээний үйл ажиллагаа болсныг уран бүтээлчид онцолж байна.
Монгол улсын соёлын элч Морин хуурын чуулга Австрали улсын Сидней хотын “Сиднейн дуурийн театр”-т “Монголын сайхан орон” тоглолтоо 9-р сарын 14-ны өдөр толилууллаа. Соёлын өв, язгуур урлагаараа дамжуулан Монгол улсаа олон улсад сурталчлан таниулах зорилгоор Монгол, Австрали хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд явагдсан тус тоглолтыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдсан байна. Тус тоглолт олон улсад соёл урлагаар дамжуулан Монгол улсаа сурталчлах томоохон ажлуудын үргэлжлэл болж байгааг онцолсон юм.
“Монголын сайхан орон” тоглолтоор Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатарын дуулснаар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи” зэрэг ардын урлагийн их сан хөмрөгөөс сор бүтээлүүдийг олон улсын үзэгчдэд толилуулжээ. Тус тоглолт нь үзэгчдэд Морин хуур хөгжим, уран бүтээлчдийн чадвар чансааг таниулахаас гадна жуулчдыг эх орондоо татах, цаашлаад эдийн засгийн ч ач холбогдолтой байна.
Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглож байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK HALL” танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийсэн билээ. Харин 10-р сард Морин хуурын чуулга Францын хаадын тансаг шилтгээн Версалийн дуурийн театрт тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна.