Цахим хичээл сурагчдын эрүүл мэнд, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна

Хичээлийн шинэ жил эхлээд бараг сар болох гэж байхад зарим сургуулийн сурагчид цар тахлын үетэй адил цахимаар хичээллэж байна. Нийслэлийн 12-р дунд сургууль хичээлийн байргүй болсоор 3 жил өнгөрч байгаа юм байна. Сургуулийн удирдлагууд 3500 орчим сурагчийг түрээсийн байранд харин 6,7-р ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх зохицуулалт хийжээ. Гэвч цахимаар хичээллэж байгаа нь сурагчдын эрүүл мэнд, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна.

Цахимаар хичээллэж байгаа сурагчид өглөө 8 цагаас эхлэн 6-7 төрлийн хичээлийг цахимаар судалдаг байна. Удаан хугацаанд дэлгэц ширтэн хичээл хийх нь нүдний хараа муудах, нуруу өвдөх зэрэг олон эрсдэл тулгардаг байна. 

Сурагчид энэ хичээлийн жил анги дэвшин дунд ангид суралцаж байгаа. Зуны амралтын турш найзуудтайгаа уулзахыг мөрөөдөж, шинэ сонирхолтой хичээл үзэхийг хүлээсэн байна. Гэвч сургууль нь хичээлийн байргүйн улмаас цахимаар хичээллэх болсонд хүүдүүд сэтгэл дундуур хүлээж авчээ. 

Сурагчдад биеийн тамирын хичээл оролгүй бүтэн жил өнгөрсөн талаар түүний ээж ярьж байсан юм. Цахим хичээлээр биеийн тамирын хичээл ордог ч орчин нөхцөл бүрддэггүй учир хүүхдийн бие бялдарын хөгжил муудах эрсдэл үүссэн байна. Иймд эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хурдан хугацаанд танхимаар хичээллэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлж байна. 

Өсвөр насны хүүхэд удаан хугацаанд дэлгэцийн хамааралтай байснаар сэтгэл түгшилд орох, нойрны хямралд орох зэрэг олон төрлийн өвчлөлд өртөх эрсдэл тулгардаг байна. 

12-р сургуулийн хичээлийн байр 3 жилийн хугацаанд баригдаж дуусаагүй бөгөөд одоогоор барилгын ажил үргэлжилж байгаа юм. Эхний ээлжинд барилгын А блокийг ашиглалтад оруулж сурагчдыг 11-дүгээр сар гэхэд танхимаар хичээллүүлнэ гэдгийг салбарын сайд мэдэгдсэн. Гэвч эцэг эх, сурагчдын зүгээс уг мэдээлэлд итгэл муутай байгааг мэдээлж байна.