Польш улс үр тарианы импортын маргаантай холбогдуулан Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоолоо

Польш улсын засгийн газар өнгөрсөн онд ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украины зэвсэгт хүчинд зэр зэвсгийн тусламжийг харамгүй үзүүлсээр ирсэн юм. Тэгвэл энэ Мягмар гарагт тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецки үр тарианы импортын хоригийн асуудлаар Варшав, Киевийн хооронд дипломат маргаан өрнөж байгаа тул цаашид Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэхгүй болсноо мэдэгдлээ. Польш улсын бодлого тодорхойлогчид өөрийн улсын зэвсэглэлд анхаарал хандуулахаар болсныг онцолсон байна. 

Польшийн засгийн газрын энэхүү шийдвэр Варшав, Киевийн худалдааны маргаан хурцадсаныг илтгэж байгаа юм. Өнгөрөгч Мягмар гарагт Киевийн тэргүүн Володимир Зеленський НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ “Зарим улс орнууд Украин улстай эв санааны хувьд эвлэлдэн нэгдсэн мэт дүр эсгэж байна” хэмээн мэдэгдсэн нь Польшийн эрх баригчдад хаяглагдсан гэж шинжээчид үзэж байна. 

Тэгвэл В.Зеленськийн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Матеуш Моравецки өчигдөр Варшав хотноо суух Украины онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг дуудаж уулзжээ.  Матеуш Моравецки “Польш улсын эрх баригчид, нийт ард түмэн дайн эхэлсэн эхний өдрөөс л Украинд дэмжлэг үзүүлж, эв санааны хувьд үргэлж хамт гэдгээ илэрхийлж байсныг дурдаад В.Зеленськийн “Үндэслэлгүй” тайлбарыг зэмлэн буруутгасан байна. 

Энэ уулзалтын үеэр Моравецки хөрш улсуудын хооронд үр тарианы импортын асуудлаар хурцадмал байдал даамжирч байгаа тул зэвсгийн нийлүүлэлтээ зогсоож байгаагаа дуулгажээ. 

Дайн эхэлсний дараа ОХУ-ын зэвсэгт хүчин Украины үр тарианы тээвэрлэлтийн гол гарц болох Хар тэнгисийн боомтыг хяналтдаа авсан. Ингэснээр Украины тариаланчид үр тариагаа Төв Европ руу гаргахаас өөр аргагүйд хүрсэн юм. Харин Украины их хэмжээний үр тариа Европын зах зээлд хүрснээр хүнсний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ хямдарснаар Польш, Словак, Унгар зэрэг хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж байгаа улс орнуудын газар тариалан эрхлэгчдэд томоохон дарамт учруулах болсон байна. Тиймээс Европын холбооны зарим улс орнууд Украины үр тарианы импортод ийнхүү хориг тавиад байна.