Ираны эрх баригчид маргаан дагуулсан Хижабын тухай хуулийн төслийг албан ёсоор баталлаа

Иран улсын Парламент хувцаслалтын хатуу дүрэм журмыг зөрчсөн охид, эмэгтэйчүүдэд оногдуулж байсан торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад хорих ялаар хүртэл шийтгэх тухай маргаантай хуулийн төсөл баталжээ. Уг хуулийн дагуу тогтоосон стандартад нийцээгүй буюу "Зохисгүй" хувцасласан охид, эмэгтэйчүүд 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна. 

Хуулийн төсөлд зохисгүй хувцасласан хэргээр шүүхэд дуудагдсан хүмүүсийн хэргийг гурван жилийн дотор хянан шийдвэрлэх ёстой гэж тусгажээ. Одоо уг хуулийн төсөл албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд Ираны хяналтын зөвлөлийн 6 гишүүн санал хураалт, явуулж соёрхон батлах ёстой юм байна.  

Өнгөрсөн оны 9-р сарын 20-ны өдөр Махса Амини хэмээх залуу эмэгтэй үндэсний хувцас, гивлүүрийг “Зохисгүй” байдлаар өмсөж зүүсэн шалтгаанаар ёс суртахууны цагдаад баривчлагдсаныхаа дараа учир битүүлгээр нас барсан юм. Уг үйл явдал Ираны олон сая иргэдийн дургүйцлийг төрүүлсэн нь энэ оны 3-р сар хүртэл тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж, эцэстээ хууль сахиулагчид жагсагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэсэн юм. Гэвч Ираны хууль тогтоогчид эсэргүүцлийн жагсаалыг цэргийн хүчээр даран авснаар, асуудал намжсаныг хэвлэлүүд мэдээлж байна. 

Тэгвэл Махса амини охины амиа алдсаны нэг жилийн ойн өдөр Ираны Парламент ийнхүү дээрх маргаан дагуулсан хуулийн төслийг баталжээ. Ираны хяналтын зөвлөл хуулийн төсөлд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа нь дахин эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Нөгөөтээгүүр Ираны хууль сахиулагчид гудамж талбайд хяналтын камер суурилуулж хувцаслалтад хяналт тавьж байгаа ч охид эмэгтэйчүүд үсээ задгай тавьж, чөлөөт хувцас өмсөж эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна. 

Шашны онцгой байдлыг харгалзан үзсэний дагуу Ираны насанд хүрсэн эмэгтэйчүүд үсээ Хижабаар боож, биеийн галбираа далдлах Абаяа өмсгөл  өмсөх ёстой байна.