Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 78-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлжээ. Тэрээр Монгол улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэн хийснээр 2023 онд тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн Таксаномиг баталж чадсан Дэлхийн анхдагч орнуудын нэг болсон хэмээн дурдсан байна. Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд Монгол улсад зохион байгуулах санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг Дэлхийн улс орнуудад уриаллаа.
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-йорк хотноо болж байгаа НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Чуулга уулзалт ”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, Монгол улсын байр суурийг илэрхийллээ. Тэрээр НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын зөвлөл”-ийн 2023 оны илтгэлийн дүнгээр дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно” гэдгийг онцлон сануулсныг дурдаж Монгол улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулсан байна.
Мөн ерөнхийлөгч Хүрэлсүх Жендерийн тэгш бус байдлаас ангид Дэлхий ертөнцийг бий болгох нь Дэлхий нийтийн нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага гэдгийг онцлон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд Монгол улсад зохион байгуулах санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг Дэлхийн улс орнуудад уриалсан байна.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд Монгол улсаас ерөнхийлөгч Хүрэлсүхийн хамт гадаад харилцааны сайд Батцэцэг, Эдийн засаг хөгжлийн сайд Хүрэлбаатар нар оролцож байна. Хүрэлбаатар сайд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжилд хүрэх боломжтой гэдгийг онцолж Олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг Монгол улсын засгийн газарт бус хувийн хэвшлийн байгууллагуудад зээл олгох уриалга дэвшүүлсэн юм.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд Дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга үндсэн илтгэлийг тавьж цаг үеийн амаргүй нөхцөл байдлыг Дэлхийн улс орнууд эв нэгдэлтэйгээр даван туулахыг уриалсан байна.
Чуулганы хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх, ГХ-ны сайд Батцэцэг, ЭЗХ-ийн сайд Хүрэлбаатар нар Дэлхийн улс орны төрийн тэргүүн, сайд нартай уулзалт хийж байна.