Сүүлийн үед цахим орчинд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарынхан орон сууцны эрэлт хэрэгцээ болоод үнэ буурч байгаа талаар багагүй хөндөж байна. Тэгвэл үндэсний статистикийн хорооноос цар тахлын үед эрчимтэй нэмэгдээд байсан орон сууцны үнийн өсөлтийн хурд саарч байгаа ч өсөлт өндөр хэвээр байгааг хэлж байна.
Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 8-р сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, мөн өмнөх сарынхаас 1.3 хувиар тус тус өсжээ. Энэ нь цар тахлын үеийн орон сууцны өсөлтийн хувиас тогтмол буурч байгаа тоон үзүүлэлт юм.
Өнөөдөр нийслэлд шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.720.000 төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.380.000 төгрөг байгаа юм.
Мөн шинэ орон сууцны үнэ Хан-уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.100.000 төгрөг байна.
Хан-уул болон Чингэлтэй дүүрэгт орон сууцны үнэ өндөр байгаа нь дэд бүтэц, ипотекийн зээлийн олдоц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Цар тахлын үед гадны улсаас ирэх Монголчуудын урсгал нэмэгдсэн мөн ипотекийн зээлийн олдоц сайн байсан зэргээс шалтгаалж орон сууцны эрэлт ихсэж үнэ нэмэгдсэн. Гэсэн ч энэ он гарсаар орон сууцны үнийн өсөлтийн хурд саарч байна. Мөн сонгуулийн өмнөх жилүүдэд ипотекийн зээлийн олдоц сайн байдаг. Үүнтэй холбоотойгоор орон сууцны эрэлт нэмэгдэж, үнэ буурахгүй байх нөхцөл байдал ажиглагдаж байна гэдгийг мэргэжилтэн тайлбарлаж байна.
Мөн барилгын материал, машин механизмын түрээс, цалингийн зардал нь орон сууцны үнэд голлон нөлөөлдөг байна. Цар тахлын үед тээврийн зардал нэмэгдсэн нь барилгын материалын үнэ орон сууцны үнэд ихээхэн нөлөөлж байсан бол энэ жил цалингийн зардал нь орон сууцны үнэ өсөхөд голлон нөлөөлж байна.
Одоогоор 1-2 өрөө байрны эрэлт бусад төрлийн байрнуудаас их байна. Мөн ипотекийн зээлээр орон сууц худалдаж авах сонирхолтой иргэд их байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм.