2022 онд Монгол-Унгар улсын Археологчид Хүннү гүрний үеийн төмөр тогоо олж илрүүлжээ. Ар гүнтийн Хүннүгийн булшнаас илэрсэн тухайн олдвор нь одоогоор археологийн дурсгалаас илэрсэн хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг юм байна. Уг олдворыг Унгар улсад сэргээн засварласныг Шинжлэх ухааны хүрээлэн өнөөдөр хүлээн авчээ.
2022 онд Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн нь Унгар улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран Ар гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Малтлагын явцад дийлэнх хэсэг нь зэвэрч, олон хэсэг болон бутарсан байдалтай төмрөөр хийсэн том хэмжээний тогоо илэрсэн байна. Тухайн олдвор нь Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хүчний хөгжил зэрэг чухал мэдээллийг агуулах судлагдахуун гэдгийг ШУА-аас онцолж байсан юм. Тиймээс олдворыг Унгар улсад сэргээн засварлаж өнөөдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнд хүлээлгэн өглөө.
Тухайн олдвор нь манай улсаас илэрч байсан Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог, хэмжээний хувьд анхаарал татахуйц том байна. Ийм хэмжээний төмөр эдлэлийг манай улсад бүрэн сэргээн засварлах боломжгүй учраас Унгар улс сэргээн засварлалтын ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж өгчээ.
Хоёр орны хамтарсан археологийн судалгааны хүрээнд Хүннү гүрний үед холбогдох 7 булшийг малтан шинжилсэн бөгөөд судалгааны үр дүнд илрүүлсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, нарийвчлан судлах ажил үргэлжлэн хийгдэж байгаа юм байна. Харин сэргээн засварласан тогоог Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгална. Харин дараагаар нь Монголын Археологийн үндэсний музейд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгааг мэдээлж байна.