Германы хууль тогтоогчид тус улс дахь Америкийн Нео-Нацист бүлэглэлийн үйл ажиллагааг хоригложээ

ХБНГУ-ын Засгийн газар “Хаммерскинс” хэмээх Нео-Нацист бүлэглэлийн үйл ажиллагааг хориглож, тус бүлэглэлийн олон арван гишүүний гэрт нэгжлэг хийжээ. Уг Нео-Нацист бүлэглэл нь АНУ-ын хэт барууны үзэлтнүүдийн нэг салбар нэгж бөгөөд Европ даяар үйл ажиллагаагаа явуулдаг гэж шинжээчид дүгнэдэг байна.

“Хаммерскинс” нь 1988 онд АНУ-ын Техас мужийн Даллас хотод үүсгэн байгуулагдсан цагаан арьстнуудын нэгдэл, хэт даврагч бүлэглэл юм байна. Тус бүлэглэл рок хөгжмийг цагаан арьстнууд дунд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан ч 2000-аад оны эхээс илүү улс төрийн шинжтэй болж өөрчлөгджээ.

Дэлхий даяарх хэт барууны үзэлтнүүдийг нэгтгэх зорилготой бүлэглэлийн гишүүд нэгнээ “Ах дүүс” гэж дууддаг байна. Тэд өөрсдийгөө шинэ эриний язгууртнууд гэж тодорхойлж, элитүүдийн нийгэмлэг байгуулах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг байна.

Энэ талаар Германы Дотоод хэргийн сайд Нэнси Файзер мэдээлсэн бөгөөд уг бүлэглэлийн үйл ажиллагааг хориглосноор хэт даврагч үзэл суртал түгэн дэлгэрэхээс урьдчилан сэргийлнэ гэдгийг онцолжээ.

Энэ хоригийн тусламжтайгаар Герман дахь Нео-Нацист нийгэмлэгийн хүнлэг бус үйл ажиллагааг зогсоож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, антисемитизмийн үзэл түгэн дэлгэрэх явдлыг хязгаарласныг Нэнси Файзер цохон тэмдэглэжээ.

Герман улс дахь тус бүлэглэл 130 орчим гишүүнтэй, 10 мужид үйл ажиллагаа явуулдаг юм байна. Одоогоор бүлэглэлийн гишүүдийг саатуулж, ял төлөвлөх эсэх нь тодорхойгүй байна.