Өнгөрөгч амралтын өдрүүдэд Украины арми Крымын хойг дахь ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байранд агаарын цохилт өгсөн байна. Тэгвэл Украины армийн пуужингийн довтолгооны үеэр ОХУ-ын тэнгисийн цэргийн хэд хэдэн удирдах албан тушаалтнууд амь эрсэдсэнийг Киевийн талаас мэдээлжээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Украины арми Крымын хойг дахь Оросын Хар тэнгисийн флотын төв байр руу пуужингаар цохилт өгсөн байна. Тэр үеэр ОХУ-ын тэнгисийн цэргийн флотын удирдах албан тушаалтнуудын уулзалт давхцаж, улмаар ОХУ-ын тэнгисийн цэргийн олон арван албаны хүмүүс амиа алдсан гэж Украины эрх баригчид ням гарагт мэдээлжээ.
Украины ерөнхийлөгч В.Зеленський пуужингийн цохилтын уршгаар хүмүүсийн амь үрэгдэж, шархадсан гэж мэдэгдсэн ч цааш илүү тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Харин Бямба гарагт ОХУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “Украины пуужингийн довтолгооны үеэр нэг цэргийн алба хаагч сураггүй алга болсон” гэж мэдэгдсэн ч хүний амь эрсэдсэн талаар мэдэгдэлдээ огт дурдаагүй байна.
Крымын хойг дахь Севастополь боомт хотод Оросын тэнгисийн цэргийн Флотын шилдгүүд үүрэг гүйцэтгэдэг гэж шинжээчид дүгнэдэг байна.
Харин Украины арми агаарын довтолгоондоо Их Британи, Франц улсуудаас илгээсэн "Storm shadow" пуужинг ашигласан нь үр дүнд хүрсэн байна.
АНУ-ын тагнуулын байгууллагаас “Украины агаарын довтолгооны үеэр оросын тэнгисийн цэргийн флотын дээд удирдлагад хамаарах олон арван албан тушаалтан амь үрэгдсэн болон шархадсан байж болзошгүй.” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн Украины тагнуулын газрын дарга Кирило Буданов пуужингийн цохилтод Оросын хоёр командлагч амиа алдаж, гурван ч дээд комиссар хүнд шархадсан тухай мэдээлжээ.
Харин Ройтерс агентлаг дайтагч талуудын өгсөн мэдээллийг баталгаажуулах, бие даан шалгаж чадаагүй гэдгээ уламжилжээ.