Төрийн эргэлт гарсны дараа Франц улсын ерөнхийлөгч Э.Макрон Нижер улсаас элчин сайд, цэргээ эгүүлэн татахаа мэдэгджээ

Өнгөрөгч Бямба гарагт Африк тивийн Нижер улсад төрийн эргэлт гарч, 7-р сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Мохамед Базоума огцрох шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсаас элчин сайд болон цэргээ эгүүлэн татахаар болсноо мэдэгдэж, хоёр улсын хамтын ажиллагаа үүгээр дуусгавар болсныг онцолсон байна. 

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Африк тивийн Нижер улсад төрийн эргэлт гарч, тус улсын ерөнхийлөгч Мохамед Базоума огцрох шийдвэр гаргасан байна.  Өнгөрсөн долоо хоногт Нижерийн нийслэл Ниамей хотод олон мянган хүн цуглаж, жагсаал зохион байгуулсан бөгөөд ерөнхийлөгч Мохамед Базоумаг огцрохыг шаардахаас гадна Франц цэргүүд эх орныг нь орхин гарахыг тулгасан байна.

Уг үйл явдалтай холбогдуулан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Бид элчин сайдаа ирэх 12 цагийн дотор эгүүлэн татахаар шийдлээ. Манай онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон хэд хэдэн дипломат албаны ажилтнууд Франц руу буцна” хэмээн телевизийн шууд дамжуулалтын үеэр хэлжээ.

Үргэлжлүүлэн Франц-Нижер хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа “Дуусгавар” болсныг онцолж, Нижерт үүрэг гүйцэтгэж байгаа 1500 орчим цэргийн алба хаагчаа оны эцэс гэхэд бүрэн татан авна гэдгийг цохон тэмдэглэжээ. 

Түүнчлэн Францын хуучин Колони байсан Мали, Буркина Фасо улсуудад мөн эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган жагсагч Франц цэрэг эх орныг нь орхин гарах хүртэл эсэргүүцлээ илэрхийлэхээ онцлоод байгаа юм.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Нижер улсад гарсан төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй цаашид тус улсын Засгийн газарт санхүүжилт олгохгүй, үзүүлж байсан хүмүүнлэгийн болон зэр зэвсгийн тусламжаа зогсоохоо онцолжээ.