Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлж байгаа “Кино нүүдэл” Олон улсын сургалтын хөтөлбөр манай улсад анх удаа хэрэгжиж байна. Тус сургалтын хүрээнд өнөөдөр “Монголын кино дэлхийд” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтаар дотоодын кино уран бүтээлчид авьяастай хэдий ч кино төсөл боловсруулах, уран бүтээлчдийн Олон улстай харьцах чадварыг дээшлүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Мөн чуулга уулзалт, сургалтаар дотоодын кино төсөл Олон улсад үйл ажиллагаа явуулдаг кино сангуудаас санхүүжилт авах боломж нээлттэй болж байна.
Сүүлийн жилүүдэд Монголын кино уран бүтээлчид Олон улсын нэр хүндтэй наадмуудад оролцож, цөөнгүй кино дэлхийд нээлтээ хийсэн. Тэгвэл тус чуулга уулзалт нь Монголын кино урлагийн нөлөө Олон улсын тавцанд нэмэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байгааг илтгэхийн зэрэгцээ тус салбарын ирээдүйн хөгжилд Олон улсын туршлага, мэргэжилтнүүдийн зөвлөмж санал бодлыг идэвхтэй солилцох үйл ажиллагаа болж байна.
“Монголын кино дэлхийд” чуулга уулзалтад
Дэлхийн киноны сан
Данийн кино институт
Cineuropa
Францын кино ба хөдөлгөөнт дүрсний үндэсний төв
Их британийн дэлхийн дэлгэцийн сан
Австралийн дэлгэц
Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино сан
Дохагийн кино хүрээлэн
АНУ-ын сандансийн институтын төлөөллүүд оролцож дотоодын уран бүтээлчдийг чадавхжуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжуудыг олгосон байна.
Бид кино урлаг нь ид хөгжиж байгаа улс орнуудад кино бүтээх санхүүжилт болон тэтгэлэг олгодог. Гэхдээ бид өмнө нь Монголоос кино төсөл авдаггүй байсан. Харин одооноос Монгол улсын кино урлаг хуультай болж, киноны салбараа дэмжиж эхэлж байгаа нь сайшаалтай байна. Тиймээс бид ч мөн Монголын кино зах зээлд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгох, хамтран ажиллахдаа таатай байна.
Монголын кино Дэлхийд чуулга уулзалт нь кино нүүдэл Олон улсын сургалтын хүрээнд явагдаж байна. 8-р сарын 1-ээс эхэлсэн тус сургалтад 100 уран бүтээлч хамрагджээ.
Кино төсөл хөгжүүлэх, уран бүтээлчдийг чадавхжуулах, уран бүтээлчид Олон улстай холбогдох гүүр болж байгаа энэхүү төсөл нь Соёлын яам, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс зарласан кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлж байгаа 11 төслийн нэг нь байна.
Дотоодын уран бүтээлчид анх удаа хэл, санхүүгийн бэрхшээлгүйгээр Олон улсын кино хөтөлбөр, санхүүжилт олгодог сангийн төлөөллүүдтэй уулзаж шаардлагатай мэдлэг, мэдээллийг авах боломжийг олгож байгаа тус уулзалт 9-р сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм байна.