Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ хүний амь хохироосон тохиолдолд 1-5 жилийн ял шийтгэлийг оногдуулдаг 

Энэ оны эхний найман сарын байдлаар 347 хүн авто ослын улмаас нас баржээ. Үүнээс 37 нь бага насны хүүхэд байна. Зам тээврийн осол үйлдэж хүний амь хохироосон этгээдэд согтууруулах ундаа хэрэглэсэн, үл хэрэглэсэн эсэхээс шалтгаалаад нэгээс найман жилийн хугацаанд хорих ял оногдуулдаг байна. Тэгвэл иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэрэгт тооцох хариуцлагыг чангатгах, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг хэлж байна. 

Өнгөрөгч долоо хоногт гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны хүүхдийг хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч мөргөж амийг нь хохироосон хэрэг гарсан. Тэгвэл  эрүүгийн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ хүний амь нас хохироосон тохиолдолд 1-5 жилийн ял оноодог бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулдаг байна. Гэсэн хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд оногдуулах хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. 

Харин иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль эрх зүйд өөрчлөлт оруулах, торгууль, ял шийтгэлийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байна. Одоогийн зөрчлийн хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд ердөө 7-30 хоног баривчилгаа оногдуулж байгаа нь хэтэрхий зөөлөн шийтгэл иргэд үзэж байна. 

2023 он гарснаар эхний найман сарын байдлаар 347 хүн нас барж 2026 хүн бэртэж гэмтжээ. Мөн 37 хүүхдийн амь нас хохирсон бол 555 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Иймд жолооч болон явган зорчигчид  замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр анхаарал болгоомжтой, байхыг  цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчныг сайжруулах, чангатгах шаардлагатай ингэснээр гэмт хэрэг зөрчил буурах боломжтой  гэсэн юм.