БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Их Британийн хаан 3-р Чарльзын урилгыг хүлээн авснаа даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр ирэх 11-р сард Лондон хотноо төрийн айлчлал хийхээр болсноо уламжилсан байна. Их Британийн хаан Чарльз, хатан хаан Камилла нар Өмнөд Солонгосын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нарыг Букингемийн ордонд хүлээн авахаар болжээ.
Чарльз Их Британийн хааны сэнтийд заларснаас хойш зөвхөн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса Букингемийн ордонд зочилж, хааны гэр бүлтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Их Британийн хааны урилгаар Лондон хотноо газардах хоёр дахь удирдагч болох юм байна.
Өдгөө 62 настай Юн Сок Ёль өнгөрөгч 4-р сард АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Жо Байдены хүсэлтээр Цагаан ордонд оройн зоог барьсан юм. Харин түүний Их Британид хийх төрийн айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч ямартай ч түүнийг Букингемийн ордонд ёслол төгөлдөр хүлээн авч, хүндэтгэлийн зоог барих юм байна.
Их Британийн хаан гадаад улсын хаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг Их Британийн Засгийн газрын зааварчилгааны дагуу эх орондоо айлчлахыг урьдаг байна. Төрийн айлчлалууд нь зөвхөн ёслолын арга хэмжээ төдий зүйл биш бөгөөд Их Британийн Засгийн газар үндэсний ашиг сонирхлоо нэн тэргүүн тавьж, дипломат үйл хэргээ гүйцэлдүүлэхийн тулд удирдагчдад урилга илгээдэг байна.
Их Британийн эрх баригчид айлчлал хийж байгаа удирдагч нарыг дагалдан явдаг бизнес эрхлэгчид, томоохон нөлөө бүхий компани, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дотоодын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлдэг тогтсон уламжлалтай юм байна.