БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уулын Карабахын бүс нутгийг хяналтдаа оруулсан Азербайжан улсад айлчилж байна

Даваа гарагт БНТУ-ын төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж, салан тусгаарлагчдаас эгүүлэн авсан уулын Карабахын бүс нутгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар яриа өрнүүлжээ. Хоёр улсын удирдагчдын уулзалт Армени, Иран, Турк гурван улсын дунд оршдог Азербайжаны автономит “Нахчиван Эксклав” хэмээх бүс нутагт болж байна.

Азербайжаны зэвсэгт хүчин уулын Карабахын бүс нутагт хяналтаа тогтоосноор Орос, Америк, Турк, Иран улсуудын нөлөөллөө тогтоохоор тэмцэж байгаа газрын тос байгалийн хийн хоолойгоор огтлолцсон Өмнөд Кавказын бүс нутагт хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөх төлөвтэй байна.

Айлчлалын үеэр Режеп Тайип Эрдоган, Илхам Алиев нар Нахчиваны бүс нутгийг дайруулан босгож байгаа байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тус бүс нутаг дахь шинэ цэргийн байгууламжийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.

2021 онд Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Өмнөд Кавказын бүс нутгаар дайруулан Азербайжан-Турк хоёр улсын хооронд хуурай газрын гүүр бий болгож, хийн хоолойн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээ мэдэгдэж байсан юм. Мөн тэрбээр Армен улсын Ирантай хиллэдэг хуурай газрын бүс нутгийг дахин шинэчилж, ерөнхийдөө тус бүс нутгийг Азербайжан улсын мэдэлд оруулахаа анхааруулж байсан юм.