Олон нийтийн сүлжээнд тавигдсан бага насны хүүхэдтэй холбоотой мэдээлэл ул мөргүй устдаггүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгдсээр байдаг. Тухайн мэдээлэлд дурдагдсан хүүхэд сэтгэл зүй айдастай, гүн хямралд орсон, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг. Иймд иргэд зохисгүй агуулга бүхий зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэн түгээхээс өмнө, нэн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах нь зөв гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Манай улсад жилд 330-360 хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байна. Үл хайхрах хүчирхийлэл нь насанд хүрэгчдийн идэвхгүй үйлдэл, хандлагаар илэрдэг байна. Энэ төрлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан байдалд үзүүлж буй сөрөг үр нөлөө нь ихэвчлэн шууд бус, далд хэлбэрээр явагддаг ба хүүхдийн цаашдын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ насны онцлогт тохируулан чөлөөтэй харилцах шаардлагатайг мэргэжилтэн зөвлөж байна.
Иргэд бусдад анхааруулах үүднээс хүүхдийн зохисгүй зураг, бичлэгийг санамсаргүй болон санаатай байдлаар цахим орчинд нийтэлдэг. Тэгвэл энэхүү үйлдэлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.4 зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. Энэ оны эхний найман сарын байдлаар хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, эцэг эх асран хамгаалагчид нь дэргэд нь архидан согтуурсан 1500 орчим тохиолдол бүртгэгджээ.
Зөвхөн гэр бүл, сургуулийн орчинд хүүхдэд таатай орчин бүрдүүлэх нь чухал бус нийгэм тэр чигээрээ зөв үлгэр дуурайлал үзүүлснээр хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөлнө. Мөн хүүхэд хамгааллын ажлыг хууль дүрэм зохицуулалтаар хэрэгжүүлж болох ч цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлага тулгарсаар байгааг албаныхан онцоллоо.