Монгол улсын эдийн засаг 2023 оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Мөн төсвийн орлого ч давж биелсэн. Тэгвэл удахгүй ирэх жилийн улсын төсвийг хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2024 оны улсын төсөвт оруулах санал, байр сууриа хүргүүлжээ. Тухайлбал, ирэх онд иргэдийн цалин хөлсийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880.000 төгрөгт хүргэх, бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд төрөөс хариуцах зэрэг саналыг тус тус тусгасан байна.
Ирэх оноос дэлхий даяар эрчим хүч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа тул иргэдийн цалин хөлс орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгааг Монголын үйлдвэрчний холбооноос мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын ажилчдын цалинг 2024 оны төсөвт тусгахдаа 50-аас доошгүй хувиар нэмэх саналыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргалаа.
Мөн стратегийн тэргүүлэх салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол бий болгохгүйг анхаарч, улсын дундаж цалин хөлснөөс 2 дахин нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгах хэрэгтэй гэлээ. Үүнээс гадна ипотекийн зээлийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд хариуцахаар тусгах зэрэг нийт 15 саналыг 2024 оны улсын төсөвт хүргүүлж байгаа байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх замаар 2024 оны улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэйг МҮЭ-ийн холбооноос мэдээлж байна. Ингэснээр улсын төсвөөс иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм байна.