БШУЯ: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд багшийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан тогтмол нэмсэн

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол улсын боловсролын чанарыг сайжруулах ерөнхий зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд төсвийн тодотголоор энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн ЕБС болон СӨБ-ын багшийн үндсэн цалинг 20-30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авч, 2024 оны төсвийн төсөлд тусгахаар болсныг салбарын яамнаас мэдээлжээ.

Засгийн газрын зүгээс төсвийн тодотголоор 2023 оны 7-р сарын 1-ээс эхлэн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг өгөхөөр баталсан. Үүнтэй холбоотойгоор ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1.273.000 төгрөг болж нэмэгдсэн юм. Багш нарын үндсэн цалин нэмэгдсэнээс гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт үр дүнд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээний шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ нь хамгийн сайн, үр дүнтэй  ажилсан багш их цалин авах тогтолцоо гэсэн үг юм. Энэхүү тогтолцооны үр дүнд боловсролын салбарын чанар ч сайжирна гэж харж байна.

2010-2022 оны хооронд буюу 10 гаруй жилийн хугацаанд манай улсын инфляцын түвшин 110 орчим хувиар өсжээ. Харин боловсролын салбарын цалингийн өсөлт инфляцтай уялдан сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 160 гаруй хувиар өссөн байгаа юм. Боловсролын салбарын цалин, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулан тогтмол нэмэгдүүлсээр ирсэн гэдгийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны холбогдох албаныхан хэлж байна.