Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак бодлогын томоохон өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрынхаа “Ногоон” амлалтуудын заримаас нь татгалзаж магадгүй байна. Үүнд бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины худалдаанд тавих хоригоо хойшлуулах, хэт их байгалийн хий зарцуулдаг бойлерын хэрэглээх хязгаарлах зэрэг амлалтуудын асуудал багтжээ.
Их Британийн Засгийн газар 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх зорилт тавьсан ч “Илүү пропорциональ аргаар” гүйцэлдүүлэх хүсэлтэй байна.
Мягмар гарагт Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак "Өнгөрсөн хугацаанд манай улсын үе үеийн засгийн газар, улс төрчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахaд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Мөн тэдгээр улс төрчид хялбар аргаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон нь нөхцөл байдлыг улам дордуулсан” хэмээн хэлжээ.
Мөн Риши Сунакын Засгийн газар бодлогын өөрчлөлтийн хүрээнд ногоон амлалтуудынхаа заримаас нь татгалзаж байгаа бөгөөд энэ нь бодит нөхцөл байдалтай уялдуулж байгаа явдал юм гэдгийг Их Британийн Засгийн газрын хэвлэлийн албанаас онцолжээ. Түүнчлэн “Риши Сунак ямар ч шийдвэрт хүрсэн бай, түүний тэргүүлж буй Засгийн газар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах амбиц, амлалтаа орхихгүй гэдгийг хэвлэлийн албаны төлөөллүүд онцлон тэмдэглэжээ.
Их Британийн Консерватив намын тэргүүлсэн үе үеийн Засгийн газрууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ихээхэн анхаарал тавьж, жил бүр чамлалтгүй хөрөнгө мөнгө зарцуулдаг уламжлалтай. Харин сөрөг хүчин буюу Хөдөлмөрийн намын хууль тогтоогчид Засгийн эрх баригчдын хэт их хүчин чармайлт огт үр дүнд хүрдэггүйд сэтгэл дундуур байдгаа тогтмол илэрхийлдэг байна. Тэгвэл ирэх баасан гарагт Их Британийн парламентын танхим хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг улс орнуудын ч төлдөггүй тийм их хэмжээний төсөв мөнгийг жил бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.