Инфляц сүүлийн 27 сарын турш төв банкны зорилтот түвшнээс хэтэрч, өндөр хэвээр байна

Монгол улсын эдийн засагт оруулж буй нийгмийн салбаруудын нөлөөлөл харилцан адилгүй ч эдийн засгийн ойрын хугацааны төлөв тогтвортой бөгөөд эерэг байна гэдгийг азийн хөгжлийн банкнаас мэдээлж байна. Монгол улсын эдийн засаг энэ онд 5.7 хувь, харин ирэх онд 5.9 хувийн өсөлттэй байхаар байна.

Азийн хөгжлийн банкнаас "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг танилцууллаа. Манай улсын эдийн засгийн өсөлтийг экспортын сэргэлт, гадаад болон дотоод эрэлт дэмжихээр байгаа хэдий ч, өндөр инфляц үүний эсрэг мөнгөний хатуу бодлого зэрэг нь хязгаарлаж байна гэдгийг тус тайланд онцлон дурджээ. Тодруулбал, инфляц өндөр хэвээр байгаа бөгөөд сүүлийн 27 сарын турш төв банкны зорилтот түвшнээс хэтрээд байна. Тиймээс үнийн тогтвортой байдлыг хангах, ажил эрхлэлтийг сайжруулах, бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн дархлааг дэмжих нь ДНБ-ний өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгоход эергээр нөлөөлнө гэсэн юм.

Мөн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн төлөвт эрсдэл нэмэгдэж буй хэдий ч өсөлт тогтвортой байх төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банкны гаргасан тайланд дүгнэжээ. Гэвч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын сааралт нь бүс нутгийн төлөвийг доош чангааж байна. Мөн олон улсын төв банкнуудын мөнгөний бодлогын хүүгийн түвшин өндөр байгаа нь санхүүгийн тогтворгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа байна. 

Азийн хөгжлийн банкнаас Монгол улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах талаар зөвлөмж өгсөн юм. Тухайлбал, төсвийн тэлэлтийн бодлогыг хумьж, орлого өндөр байгаа үед төсвийн хуримтлалыг бий болгон тогтворжуулалтын болон ирээдүйн өв сангийн хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн тогтвортой байдлаа хангах хэрэгтэй байгааг зөвлөлөө.